Ням, 2024-11-24
Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдэд туслах хөрөнгөөр 14 хүний асуудлыг шийдэж, эх оронд нь авч ирэхээр болсон

  Коронавирусийн халдварын улмаас Монгол Улс хилээ хааж, өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан 13951 иргэнээ эх оронд нь авч ирээд байна. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэн бүрээ татаж авахаар сард 12-13 чартер нислэг үйлдэж байгаа ч одоогийн байдлаар 12409 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. 
 
Харин хилийн цаана гацсан иргэд санхүүгийн хүндрэл орж, гадуур хоног төөрүүлэх асуудал их гарч байгаа учраас Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас 300 сая төгрөгийг Хилийн чанадад байгаа монгол иргэдийн санд төвлөрүүлсэн. Ингэхдээ зорилтот иргэддээ тодорхой шалгуурыг баримтлаж өгнө хэмээн өнгөрсөн наймдугаар сард шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэхүү мөнгөний зарцуулалт хэрхэн хийгдэж байгаа талаар УОК-ын гишүүн, ГХЯ-ны Консулын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа. 
 
-Өнгөрсөн наймдугаар сард гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон иргэддээ туслахаар хандивын мөнгөнөөс 300 сая төгрөг шийдвэрлэсэн. Энэхүү мөнгөний зарцуулалт хийгдсэн үү. Ямар шалгуураар иргэддээ олгосон бэ? 
 
-УОК-т цугларсан хандивын хөрөнгөөс цар тахлын эсрэг нэг удаагийн хуулиар олгогдох заалтын дагуу Гадаад харилцааны сайдаас УОК-ын даргад хүсэлт хүргүүлсэн байсан. Энэ дагуу 300 сая төгрөг шийдвэрлэгдсэн. Энэ хөрөнгийг хамгийн түрүүнд нэн шаардлагатай зорилтод бүлэгтээ, иргэддээ оноож өгөх асуудалд ГХЯ, Элчин сайдын яамдуудтай хамтраад ажиллаж байна. Үүнд , анхнаасаа маш хариуцлагатай сайн ажиллах ёстой. 
 
-Тэгэхээр өнөөдрийг хүртэл ямар нэг зарцуулалт хийгдээгүй гэсэн үг үү?
 
-Элчин сайдын яамдуудаас бидэнд ирсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар, нэр нь тусгай үүргийн онгоцны нислэгт багтсан боловч санхүүгийн боломжгүй улмаас билетээ авч чадаагүй 142 иргэний асуудал байна. Ингээд энэ сарын 14-нд Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирэх 15 хүний асуудлыг бүрэн болон хэсэгчлэн "Хилийн чанадад байгаа монголчуудад туслах сан"-гийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн. Мөн бид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай дөрөвдүгээр сараас хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Прагаас ирсэн нийслэгийг оролцуулаад 215 иргэнийг эх оронд нь авчрах болон тусгаарлалтын зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар болж, дахин 80 гаруй хүнд туслах шийдвэр гаргаснаа өчигдөр бидэнд мэдэгдээд байгаа.
 
-Санхүүгийн хүндрэлд орсон 142 иргэнийхээ асуудлыг бүрэн шийдвэрлэх үү? 
 
-УОК-оос олгосон 300 сая төгрөг болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүрээндээ 142 гэхгүй аль болох олон иргэнд хамтран тусламж хүргэх зарчмыг баримтална. Санхүүгийн хүндрэлд орсон илүү олон иргэдэд туслахыг зорьж байна. Иргэдэд тусламж олгох сангийн хөрөнгөд ҮАГ-аас жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхан шатны санхүүгийн баримт бүрдүүлэх бүх шаардлагыг хангаж байгаа. Мөн мэдээллээ Элчин сайдын яамаараа дамжуулаад иргэдэд хүргүүлсэн. Түүнчлэн монголд байгаа ар гэртэй нь холбогдож шаардлагатай материалуудыг бүрэн гаргасны үндсэн дээр шийдвэрлэж байна. 

Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдэд туслах хөрөнгөөр 14 хүний асуудлыг шийдэж, эх оронд нь авч ирэхээр болсон
2020-09-11 12:03:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0