Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги мандал зэрэг хилийн боомтын чиглэлд 10 мянга гаруй нүүрс тээвэрчид 90-100 хоног машинынхаа кабиндаа амьдарч байна. Тиймээс нүүрс тээвэрчдийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг долоо хоног болгож өгөхийг шаардаж, Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөлөл өнөөдөр /2020.09.30/ мэдээлэл хийлээ.
“НЭГ ЖОЛООЧ 90-100 ХОНОГ МАШИНЫХАА КАБИНД ЯВЖ БАЙНА”
Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жавзансүрэн “Медаль шагналаар энгэрээ мялааж байхад тэнд 2-3 жолооч амь эрсдээд байна. Эрхэм сайд дарга нар амьдралаас хэт тасарсан шийдвэр гараж байна. Нүүрс тээврийн онцгой бүсэд ажиллаж байгаа жолооч нарын амьдралыг орхигдуулж, тамлаад байгаагаа ойлгохгүй байна. Нэг жолооч 90-100 хоног машиныхаа кабинд явж байгааг яагаад ойлгохгүй байна вэ. Тэр хүний гэр бүлтэйгээ байх, биологийн хэрэгцээгээ хангах, эрүүл мэнддээ анхаарах эрхийг зөрчиж байна. Жолооч нар тусгаарлалтад байхдаа ч эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байна. Энэ бүхнийг өөрсдийн нүдээр очиж хараач. Бүр болохгүй бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, асуудлыг газар дээр нь шийдэж өгнө үү.
Тусгаарлах журмын дагуу тээврийн жолооч нар анхны шинжилгээгээ өгч, гэр орондоо хяналтад байхыг хүсч байна. Нэг жолооч хил нэвтрэх бичгээ 90 хоногийн хугацаатай авч, тэр хугацаандаа кабиндаа амьдарч байгаа. Тэгээд 14 хоног тусгаарлагдаад, үргэлжлүүлэн дараагийн улирлын 90 хоногийн бичиг гарчихдаг. Хэн нь ч гэсэн ийм амьдарлыг өөрсдөдөө тусгаад үзээч. Тээврийн жолооч нар гар, нүүрээ угаах болон усанд орох ямар ч боломж байхгүй. Зарим газар зургаа, долоон эрэгтэй жолоочтой нэг эмэгтэй жолоочийг тусгаарлаж байна гэсэн. Тэр эмэгтэй хүн яаж амрах юм бэ. Бүх нийтээр дэглэм буурсан учраас нүүрс тээврийн жолооч нарын дэглэмийг долоо хоног болгооч ээ. Аравдугаар сарын 2-ны дотор нүүрс тээвэр хийж байгаад амь насаа алдсан ар гэртэй уулзалт хийхгүй бол амь насыг нь нэхэж, нөхрийнхөө тостой хувцсыг Сүхбаатарын талбай дээр шатааж, тэмцэнэ гэдгээ мэдэгдье” гэв.
“ХАНЬ МИНЬ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕЭР ГЭРТЭЭ ИРЖ ЧАДАЛГҮЙ АМИА АЛДЛАА”
Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан жолооч харамсалтайгаар амь насаа алджээ. Талийгаачийн гэргий /нэрээ хэлэхийг хүсээгүй/ мэдээлэл хийхдээ “Нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан миний хань есдүгээр сарын 5-нд ажлаа хийж яваад, Гашуун сухайт боомтод амь насаа алдсан. Хань минь долдугаар сарын 15-нд гэрээсээ гарч, цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор гэртээ ирж чадалгүйгээр харамсалтайгаар амь насаа алдлаа. Миний хань Гашуун сухайт боомт дөнгөж өнгөрөөд, штанбаа даруулчихаад Хилийн цэргийн онцгой объектын орчим нүх рүү унаж, осолдсон. Улсын онцгой комиссоос нүүрс тээврийн жолооч нарын амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өнөөдөр нүүрсийг хилээр хүн зөөдөг гэдгийг эрх мэдэлтнүүд яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гэлээ.
Нүүрс тээвэрчдийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг долоо хоног болгож өгөхийг шаарджээ |
|