Улс орнуудын нийгэм, эдийн засаг болон хүний хөгжлийг тодорхойлохдоо өрсөлдөх чадварын индексээр нь эрэмбэлдэг жишиг дэлхийд бий. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 2019 онд гаргасан тайланд дэлхийн 63 улс орныг эрэмбэлснээс манай Монгол Улс 62 дугаарт бичигдсэн байна. Өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ зэрэг улс тэргүүлсэн бол Аргентин, Монгол, Венесуэл сүүл мушгисан юм. Манай хоёр хөршийн хувьд БНХАУ 14 дүгээрт, ОХУ 45 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Дотоодын эдийн засаг, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, үнэ, төрийн санхүү, татварын бодлого, бүтээмж, үр ашиг, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, шинжлэх ухааны дэд бүтэц гэхчлэн суурь үзүүлэлтүүдийг харгалзан энэ жагсаалтыг гаргасан байдаг. Инноаци, технологи, шинжлэх ухаан, дэд бүтэц дэлхийн улс орнуудын үнэлэмжид үлэмж өндөр орон зай эзлэх болж буйг та дээрх жагсаалтаас харж байна. Аргентин, Венесуэл гээд Өмнөд Америкийн “асуудалтай” орнуудтай зуузай холбож буй Монгол Улс бодлогын түвшинд өөрчлөлт хийж, алсын хараагаа шинэ тутам хандлагатай нийцүүлэн өөрчлөх шаардлага бодитой тулгарч буйг энэхүү үзүүлэлтүүд харуулсан юм. Хүн амынх нь дийлэнх нь төвлөрсөн, технологи, шинжлэх ухааны хаб байх ёстой Улаанбаатар хотын хувьд ч энэ асуудал бодитоор тулгамдаж байна гэсэн үг.
Нийслэлийн Монгол Ардын Намаас “Хотыг шинжлэх ухаан, технологийн төв, өндөр технологийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.
Бодлогын хувьд олон улсад үлэмж өөрчлөлт гарч буйг анзаарч, дэлхий дахины чиг хандлагыг тусгасан сайн мөрийн хөтөлбөр, сайн шийдэл хэмээн үүнийг энд тодотгохыг хүсэж байна.
Эдийн засгийг цараагаар дэлхийд тэргүүлэгч Америктай өрсөлдөн, технологийн салбарт гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж буй Хятад, Өмнөд Солонгос чухам хотууддаа технологи, инновацийг хөгжүүлэн, тэднийг бодлогоор дэмжих замаар хөгжлийн гараагаа эхлүүлсэн байдаг. Дэлхий дахины анхаарлыг татаж буй 5G буюу харилцаа холбооны тав дахь үеийн технологийг энэ салбараа бодлогоор дэмждэг Америк, Хятад, Солонгос олон улсаас түрүүлэн хэдийнэ нэвтрүүлээд байна. АНУ-ын 50 хот, БНСУ-ын 85 хот, БНХАУ-ын 57 хотод энэ технологи нэвтэрсэн. Тийм ч учраас энэ жишгээр хотыг шинжлэх ухаан, технологи, инновацын төв болгон хөгжүүлэх бодлогыг тууштай үргэлжлүүлэн, инновац, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, “монгол оюуны” экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй чухал байгаа юм.
Шинэ технологи бүтээж, амжилттай нэвтрүүлсэн төрийн болон хувийн ААН-ийн судалгаа хөгжүүлэлтэд гаргасан зардлыг бүтэн болон тодорхой хувиар буцаан олгох механизм бий болгохыг МАН эрмэлзэж байна
Дэлхийн дахины технологийн гигантуудад ажилладаг Монгол залуус олон бий. Тэд Монголдоо ирье, тэдгээр дэвшилт технологийг Монголдоо хөгжүүлье гэхэд төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалт дутагддаг тухай учирладаг. Тэгвэл шинэ технологи бүтээж, амжилттай нэвтрүүлсэн төрийн болон хувийн аж ауйн нэгжийн судалгаа хөгжүүлэлтэд гаргасан зардлыг бүтэн болон тодорхой хувиар буцаан олгох, нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгохыг Монгол Ардын Нам эрмэлзэж байна.
Дэлхийд эрчээ авч буй технологийн чиг хандлагыг мэдэрсэн сайн бодлого хэмээн үүнийг энд онцлоё. Технологийн энгийн стартап бүү хэл улс үндэстний бодлогын чухал талбар болоод буй 5G технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байгаа тухай Монголын харилцаа холбооны салбарын томчууд тодотгодог. Тиймээс Монгол Ардын Намын зүгээс хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацын төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна.
Өрсөлдөх чадвартай Улаанбаатарыг бүтээнэ |
|