Ням, 2024-11-24
“Ажлын өдрүүдэд тэгш, сондгойгоор явуулахгүй бол түгжрэл саарахгүй”

Хичээлийн шинэ жил эхэлсэн үеэс Улаанбаатар хотын хэмжээнд автомашины түгжрэл эрс нэмэгдэж, 3-4 цаг гацах нь хэвийн үзэгдэл болж, нийслэлчүүд зам дээр хонох нь холгүй болж байна. Энэ асуудлыг өнөөдөр /2020.10.02/ Түгжрэлийг сааруулах ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдэл гарц хайлаа.

Улаанбаатар хот нь 1150 км авто замын сүлжээтэй, үүнээс 779 км нь төвийн сүлжээнд хамаардаг, хамгийн их ачаалал авдаг зам аж.

Түгжрэл үүсэх болсон шалтгааныг нэгдүгээрт, авто замын сүлжээ хангалтгүй, нийтийн тээвэр хүртээмжгүй, авто зогсоол дутагдалтай, моторт бус тээврийн хэрэгсэл хөгжөөгүйтэй холбож байна.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыны дарга С.ЭНХТӨР:

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 604800 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ч техникийн улсын үзлэгт хамрагдаагүй 340 мянган автомашин байна. Энэхүү тээврийн хэрэгслийн 65 хувь нь буруу талдаа хүрдтэй автомашин эзэлдэг бол 70 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Замын тээврийн осолд орж,  сэлбэгийн зориулалттайгаар импортлогдсон байтлаа  улсын дугаар авч хөдөлгөөнд оролцдог автомашин тодорхой хувийг эзлэх болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн жолоочид 2015 оноос бэлэн бусаар торгууль ногдуулдаг болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 4.5 сая удаагийн торгууль ногдуулснаас 2.6 сая тохиолдлын торгууль төлөгдөөгүй.  Одоогоор 10-аас дээш торгууль авсан 63009 тохиолдол байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 72450 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн. Энэ нь өдөрт автомашины урсгал 210-230-аар нэмэгдэж орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа.

2020 оны гуравдугаар улирлын байдлаар бүртгэлтэй 604800 тээврийн хэрэгслээс 350443 машин даатгалд хамрагдсан.

Олон улсын жишгээр 1 сая хүн амтай хотод 1000 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой. Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн ч 903 том оврын автобус үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, 500-600 том оврын автобус нэмж үйлчилгээнд гаргаж байж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Иймээс яаралтай том оврын автобусны тоог нэмэх, дугуй замыг нэмэгдүүлэх, зөрчилтэй жолооч, зөрчилтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллах, ажлын цагийн уян хатан зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авах шаардлага үүсч байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.АМГАЛАН:

-Одоо байгаа тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотдоо багтахаа байсан. Түгжрэл үүссэний дараа гал унтраах, түргэн тусламж үзүүлэхэд хүндрэл учирч байна. Энэ жил автомашины зургаан сери задарч, 55,9 мянган тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцож байна. Өдөрт 100 мянган тэжэврийн хэрэгсэл зогсоогоод байхад түгжрэл буурахгүй байна. Одоо энэ намар, өвлийг яаж давах вэ гэвэл ажлын таван өдөр ч автомашинаа тэгш, сондгойгоор явуулаад үзэх. Албадлагын арга хэмжээ авч болох ч иргэдээсээ асуух нь зөв гэж үзэж байна. Зоригтой шийдэл хэрэгтэй.  Ойрын хугацаанд авах арга хэмжээ үүнээс өөр байхгүй. Судалгаа хангалттай байна. Гадаадынх ч байна, дотоодынх ч байна. Хийгээгүй судалгаа алга.

Хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БАТБАЯСГАЛАН:

-Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ямар ажлуудыг шат дараатай хийж ажиллах судалгаа, тооцооллоо нарийн гаргаж танилцуул. Мэргэжлийн байгууллагууд бүгд хамтарч ажилла. Тодорхой ажлууд хийж байгаа хэдий ч цаашид анхаарах зүйлүүд байна. Ямар зохицуулалтуудыг хийж болох байна, бүх хувилбараа гаргаж яаралтай танилцуул.

Эх сурвалж: News.mn

“Ажлын өдрүүдэд тэгш, сондгойгоор явуулахгүй бол түгжрэл саарахгүй”
2020-10-02 13:34:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0