Бямба, 2024-11-23
Б.Булган яагаад захидал бичих болов

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан  С.Зориг агсаны аллагын цорын ганц гэрч Б.Булган төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээжээ.

Талийгчтай хамтран амьдарч байсан энэ эмэгтэй тэр аймшигт явдлаас хойш 20 жилийн дараа  яагаад ийнхүү өндөр түвшний эрхмүүдэд хандаж захидал бичих болов.

Хууль, шүүхийн байгууллагынхны хэлж ярьж байгаагаар бол хэрэг хэдийнэ илэрч, аллагын эзэд хариуцлагаа хүлээгээд байгаа. Түүнчлэн одоо захиалагчийг нь тогтоохоор ажиллаж байгаа гэх ерөнхий мэдээлэл бий.

С.Зориг агсаны аллагын гэм буруутнууд гэгдэж шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар одоо ялаа эдэлж байгаа. Хэдий тийм ч тэд хэргийн эзэд мөн үү гэсэн эргэлзээ нийгэмд буй. Аллага болсон тэр үед Ц.Амгаланбаатар Улаанбаатар ч орж үзээгүй 16 настай пацаан, Т.Чимгээ нялх хүүхэдтэйгээ Дорноговьд байсан, Б.Содномдаржаа гэр бүлийнхэнтэйгээ хадлан дээр байсан гэж мэдүүлдэг. Ийм гурван “хөдөөний мантуунууд” хотод ирээд тийм дуулиантай хэрэг үйлдчихээд 20 шахам жил баригдалгүй явсан гэхээр барагтай хүний ой тойнд итгэл үнэмшилтэйгээр бууж чадахгүй байх.

 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн үнэний эрэлд хатаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихоод явж байгаагаа үе үе мэдээллийн хэрэгслээр илэрхийлдэг, хууль зүйн сайд нь хүртэл энэ хэргийн үнэн мөнийг дахин тодруулах ёстой гэсэн байр суурийг хэдэнтээ илэрхийлж байсан билээ.  

Тэгвэл Б.Булган төрийн өндөрлөгүүд болон эрх бүхий хүмүүст хандаж захидал бичжээ. Одоо нийгэм энэ захидлыг тойрон сенсаацалж байна. Тэнд юун тухай бичсэн нь тодорхойгүй ч Ж.Батзандан гишүүний хэлснээр ноцтой олон баримт, мэдээлэл байгаа гэжээ. Яадаг ч байсан Б.Булган 20 жилийн турш хадгалж явсан  бодит үнэн, таавар таамаг, хар сэр энэ бүхнээ бичсэн байх магадлалтай.

 Аль ч утгаараа Б.Булганы захидалдаа өгүүлсэн тэр бүхэн үнэнд хамгийн ойрхон мэдээллүүд байх нь тов тодорхой.

Захидлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ долоо хоногийн сүүлчээр хуулийн хүрээнд нийтэд ил тодорхой болгоно гэдгээ хэлсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүй хэсгийг нь гэж байгаа. Тийм болохоор ноцтой баримт, но-той мэдээллүүд нууц чигээрээ үлдэх юм шиг байна.

Б.Булганы захидлаас одоогоор нэг зүйл тодорхой болж байна. Ж.Батзандан гишүүний хэлснээр  тэрхүү захидалдаа Б.Булган ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж байгаагүй гэдгээ онцолжээ. Хэрэв тийм бол манай цагдаа шүүхийнхэн энэ аллагын цорын ганц гэрчтэй сэжигтнүүдийг нэг ч удаа нүүрэлдүүлж уулзуулалгүйгээр хэргийг шийдчихжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэм буруутайг нь гэрчгүйгээр нотолчихжээ. Мундаг уу.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үгийг хариуцлагатайгаар хэлсэн байж таарна, эргэлзээд байх шаардлаггүй биз.

Нөгөө талаасаа Б.Булган яагаад энэ олон жилийн дараа  захидал бичих болов.  Түүнийг яллагдагчаар татах болсон тухай мэдээлэл түгсэнээс хойш тийм ч их удаагүй байна. Зарим эх сурвалжийн  мэдээлж байгаагаар түүнийг нөхрийнхөө аллагыг  захиалахад гар бие оролцсон гэж үзэж байгаа тухай мэдээлэл бий. Үүнийг баталж Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг яллагдагчаар татсан... Б.Булганыг С.Зоригийн хөнөөсөн захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа” гэсэн нь асуудлын зангилаан дээр сууж байгаа хүний олон нийтэд хариуцлагатайгаар хэлсэн үг гэдгийг санах учиртай. Ингэж хэрэг явдал буруугаар эргэж байгаа нь Б.Булганыг захидал бичихэд хүргэв үү.

Магадгүй, энэ захидал хэрэг явдлын үнэн мөнийг тогтоож өгөхөөсөө илүүтэй Булганы өөрийгөө хамгаалах урьдчилсан арга тактик байхыг үгүйсгэхгүй. Эсвэл хэргийн жинхэнэ үнэн мөнийг тогтооход мэдэх бүхнээрээ туслах, хэргийн улмаас “буруугүй” буруутнууд  хилсээр хэрэгт  тохогдсон гэх эмзэглэл байж ч болох юм.

 


Б.Булган яагаад захидал бичих болов
2018-06-21 12:59:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0