Ням, 2024-11-24
Эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй болгоно

Улс орнуудын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэгд яах аргагүй эрүүл мэнд ордог. Энэ утгаараа 2020 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэсгэх, олон улсын жишигт хүргэхүйц хэд хэдэн арга шийдэл тусгасны нэг нь технологийн хөгжилтэй холбоотой байна. Угаас мэдээллийн технологийн асар хурдацтай хөгжил дунд амьдарч буй иргэд бусад салбараас ч энэ төрлийн дэвшлийг шаардсаар байгаа. Иймд эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлэхээр нийслэлийн МАН-ын хороо 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган, үүний төлөө зорьж байгаа юм.
 
Технологийн хөгжлийн нөлөөгөөр ямар олон зүйлийг хялбарчлах, цаг хугацаа хэмнэх боломжтойг хүн төрөлхтөн өдөр тутамдаа мэдэрч буй. Түүнчлэн дэлхий нийтийг одоо ч цочроосон хэвээр байгаа Covid-19 цар тахлын үед иргэд технологи ямар хэрэгтэйг, ялангуяа эрүүл мэндийн салбартаа яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг ойлгох шиг боллоо. Энэ үед улс орнууд хөл хорио тогтоож иргэд гэртээ үлдсэнээр эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, эмчийн зөвлөгөө зэргийг цахимаар авах телемедицин үйлчилгээ дэлхий нийтэд хүчээ аваад байна. Монголын хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлж байгаа ч дийлэнх иргэдийн үйлчлүүлдэг улсын эмнэлгүүдэд төдийлөн хангалттай биш. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй байлгах, тэдгээр үйлчилгээг технологид тулгуурлан хүргэхээр бодлого чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм.
 
Тэд мөрийн хөтөлбөрийнхөө дагуу юун түрүүнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн эмнэлгүүдэд цахим программыг үе шаттай нэвтрүүлэх аж. Түүнчлэн Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “E-Health” программ хангамжийг төрийн мэдээллийн “ХУР” системтэй холбохоор төлөвлөөд байна. Ингэснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг оношилгоог илүү хялбараар, түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэх юм. Ингэж байж л урт дараалал, чанаргүй үйлчилгээтэй зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг эрүүл мэндийн салбарын хөгжил нэг шатаар ахиж улсын хөгжлийн гол цөм болсон иргэдийнхээ амин асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт технологи нэвтэрч шийдвэрлэх боломжтой олон асуудлыг шийдэх нь эргээд ачааллаа дийлдэггүй эмнэлгүүд, эмч мэргэжилтнүүдэд ч эерэг нөлөөтэй юм.
 
Эрүүл мэндийн салбарын хөгжил тухайн улсынхаа эдийн засагтай шууд хамааралтай байдаг. Ялангуяа улсын томоохон эмнэлгүүдийн үйл ажиллагаа үүнтэй уялдаатай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин улсынхаа эдийн засгийн хөгжлөөсөө хамаарч байна гэхэд буруудахгүй. Ижил түвшний эдийн засагтай орнуудтай харьцуулахад бид орчин үеийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг маш богино хугацаанд эрчимтэйгээр нэвтрүүлж, эмч, эмнэлгийн ажилчдын чадвар сайжирч байгаа ч цахим зуунд эрүүл мэндийн салбарын хөгжлөө технологитой холбох шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс өмнө хэлсэнчлэн нэг талаараа амжилттай хөгжиж байгаа ч, нөгөө талаараа асуудал их дагуулдаг энэ салбарт төр засгийн оролцоо, шийдвэр нэн чухал юм. Иймд мэдээллийг тэгш авах эрх бүх оронд нээлттэй болсон энэ цагт технологийн өгч буй боломжийг ашиглан хөгжлөө сайжруулах боломж байгааг нийслэлийн МАН-ын хороо олж харан ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгоод байгаа юм.

Эрүүл мэндийн үйлчилгээг хүн төвтэй болгоно
2020-10-08 10:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0