Баасан, 2024-10-18
У.Хүрэлсүх: Хар тамхины наймаатай хатуу тэмц. Хуулийг нь ч чангаруулж өгье

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өглөө.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд нэр төртэй явуулж байгаа. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй бүх ажлыг Засгийн газраас дэмжинэ.
 
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг тэмцэх алба хаагчдын орон тоо, төсөв санхүүг шийдэж өгсөн. Экологийн цагдаагийн алба үйл ажиллагаагаа сайжруулж, газар нутгаа онгон дагшинаар авч үлдэхийн төлөө үүргээ сайн биелүүлж ажиллах ёстой. Цаашид мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгох ёстой. Монголд мөнгө угаах гэмт хэрэг их байгаа. Үүнийг таслан зогсоох ёстой.
 
Сүүлийн жилүүдэд хар тамхийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдал ихэслээ. Социализмын үед монголд хар тамхи гэдэг зүйл огт байгаагүй. Гэтэл одоо монголын хүүхэд залуусын дунд асар хурдацтай тархаж байгаа нь сэтгэл зовоож байна.
 
Хар тамхи зарж байгаа борлуулж байгаа хүмүүстэй хатуу тэмц. Шаардлагатай бол хуулийг нь чангаруулж өгье.
 
Бэлгийн мөлжлөг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг ихсэж байгаа тул үүний эсрэг сайтар тэмцээрэй. Мөн цахим гэмт хэрэг тасралтгүй өсөж байна. Монгол улсад цахимгүй юм гэж байхгүй болсон. Мөн цахим орчинг ашиглан буслын нэр төрийг гутаах, гүтгэх, доромжлох ажил гаарлаа. Улс үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийн эсрэг хорлонтой ажил явуулж байгаа хүмүүстэй хатуу тэмц гэж шаардаж байна. Монгол бол хуультай эзэнтэй улс. Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь сахилга батгүй байгаатай холбоотой.
 
Төр цагдаагаа хамгаална
Сүүлийн үед зарим иргэд цагдаагийн алба хаагчдын биед халдах зохисгүй хандлага цөөнгүй гарах боллоо. Хэн нэгэн анархи нөхрийн шүлсээ үсчүүлдэг талбар нь цагдаа байж болохгүй. Ийм үйлдэл гаргасан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой. Цагдаагаа төр нь хамгаална.
 
Цагдаагийн алба хаагчдад дараах үүрэг чиглэлийг өгч байна. Үүнд:
 
 Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх чиглэлээр онцгой сэрэмжтэй ажилла. Гэр бүлийн хүчирхийлэл бүрийг илрүүлж, хариуцлага тооц.
Хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийг хамгаалах ажлыг төрийн бусад байгууллагатайгаа хамтран хэрэгжүүл.
 Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн үйлдлийг илрүүлж, тухай бүрт олон нийтэд мэдээллэ. 
Цагдаагийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүл. Энэ ажлыг албан байгууллага бүртээ хэрэгжүүл.
Алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулж, иргэдтэй зөв боловсон харилцах соёл дадлыг нэвтрүүл.
Технологийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүл.
Эцэст нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чиг үүргээ чанартай хэрэгжүүл гэдэг үүрэг даалгаврыг өглөө.

У.Хүрэлсүх: Хар тамхины наймаатай хатуу тэмц. Хуулийг нь ч чангаруулж өгье
2020-10-27 14:41:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ