Ням, 2024-11-24
"Нүхэн жорлон халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна"

“КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалт  боллоо. Энэ үеэр НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра, Хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэдэг нүхэн жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй төдийгүй халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна хэмээжээ.

Уг уулзалтыг дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулав.

Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй цар тахал нь дэлхий нийтийн харах өнцгийг тогтвортой хөгжлийн 6-р зорилтод чиглүүлж байна. Энэ нь бүх нийтийг баталгаат ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангаж, цаашид ус, ариун цэврийн тогтвортой менежментийг сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Ковид-19 цар тахлаас болж дэлхийн олон орон  нийгэм, эдийн засгийн асар их хохирлыг амссаар буй. Түүнчлэн олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын тандалт судалгаагаар зөвхөн УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ эрсдэлийг бууруулахаас гадна урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болж байгааг дэлхий нийтэд зарласан.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад холбогдох албаны 70 гаруй удирдах албан тушаалтнууд оролцов.

Уулзалтыг Монгол Улсын Шадар сайдыг төлөөлөн Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга С.Янжиндолгор нээж үг хэллээ. Түүний дараа Барилга, хот байгуулалтын Сайд  Б.Мөнхбаатар болон НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра нар үг хэлж, арга хэмжээ эхэлсэн байна.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Хот болон хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахад ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж янз бүрийн түвшинд харилцан адилгүй байна. Гэр хороололд амьдардаг нэг иргэн хоногт 8л ус хэрэглэж байхад орон сууцанд амьдарч байгаа хүний хоногийн хэрэглээ 100л байна. Энэ нь цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа “Гараа угаах” зөвлөмжийг гэр хороололд ард иргэдийн дунд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Цаашид бид зорилтод бүлгүүдэд чиглэсэн шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээг шинэ дэвшилтэд техник технологийн шийдлээр хүргэх ёстой”-г онцлон хэлж буйгаа төлөөлөгчөөрөө дамжуулав.

Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, Хүн амаа стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр үе шаттай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.

НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра, Хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэдэг нүхэн жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй төдийгүй халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн наад захын суурь үйлчилгээгээр хангагдаагүй байна гэсэн тооцоолол гарсан. Цаашид үүн дээр анхаарах шаардлагатай байгаа талаар хэллээ.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол улсын нийт өрхийн ердөө 38 хувь нь сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангагдсан бол улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарсан байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан хяналт шинжилгээний хөтөлбөр (JMP) -ийн сүүлийн мэдээгээр 2019 онд Монгол Улсын хэмжээнд сургуулийн 23 хувь нь гараа савангаар угаах анхан шатны хүртээмжгүй байгаа нь сургуулиуд COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллагааг хангахад  хүндрэл учруулж байна. Сургуулиудын дөнгөж 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байв.

Ил жорлон нь хижиг, цусан суулга, гепатит А-ийн зэрэг халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлдэг бөгөөд суулгалт өвчин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлж байна. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт нь жендэрийн тэгш байдлыг хангах зорилготой боловч хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охид, ялангуяа эмзэг бүлгийн охид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн  гэр, сургууль, цэцэрлэг дэх баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байна.

Одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын Алсын хараа 2050-ын 6.3-т нь хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байна. Монгол улсын Засгийн газар5

  • Ил задгай жорлон болон саарал усны системд тавих техникийн шаардлага;
  • Жижиг бүлгүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний заавар;
  • Эрүүл мэндийн салбарын хог хаягдлын менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ нь дэлхий даяар болон Монгол улсад зохих хэмжээний ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах арга хэрэгслээр дэмжих зорилгоор "Монгол Улс-2020 эрүүл ахуйн үндэсний аян" хамтарсан санаачилгыг гаргасан. Гэсэн хэдий ч салбар дундын урт хугацааны стратеги, бодлогын хэрэгжилт дутагдалтай, салбарын нөөц мэдлэг дутмаг байгаа бөгөөд зуд, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөөц хангалтгүй хэвээр байна. 

Эх сурвалж: gogo.mn

 


"Нүхэн жорлон халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна"
2020-10-29 18:10:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0