Ням, 2024-11-24
"ЭМД-ын шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлэн авч хэрэглэх боломжтой"

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд иргэд албан журмаар даатгуулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 13 төрлийн тусламж, үйлчилгээ авдаг.
 
Нэг даатгуулагчийн жилд авах тусламж, үйлчилгээ нь 2 сая төгрөгөөр хязгаарлагддаг тул даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлэн хэрэглэж болох хуулийн зохицуулалт бий.
 
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнарангаас тодруулахад "Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жилийн зардал 2 сая төгрөгөөс давсан тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн /эхнэр нөхөр, төрсөн эцэг эх, ах дүү/ даатгуулагчийн зардлаас шилжүүлэн хэрэглэх боломжтой.
 
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцаж төлдөг өндөр настан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ 2 нас /ихэр бол 3 нас/ хүртэл асарч байгаа эцэг эх, 0-18 насны хүүхэд, цэргийн албан хаагч нарын хувьд дээрх зардал хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн гишүүнээсээ шилжүүлэн авах боломжгүй юм.
Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай даатгуулагчид тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон тул даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үедээ шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэнийг онцолмоор байна" хэмээв.
 
Сонирхуулахад, ЭМД-ын сангийн орлогын 70 гаруй хувийг хөдөлмөр эрхэлж буй хүмүүс бүрдүүлж байгаа бол тус сангаас тусламж, үйлчилгээнд гарч байгаа зардлын 70 хувийг төр даатгалыг нь хариуцаж төлдөг хэсэг ашигладаг байна.
 
 

"ЭМД-ын шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ даатгалыг шилжүүлэн авч хэрэглэх боломжтой"
2020-10-30 11:51:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0