Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл музейн сан хөмрөгт шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ.
Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс өмнө нь тодруулахад "Чингис хаан музейн орой хэсэгт алтадсан шонхор шувуу бүтээх, алтан ургийн таван хааны тамга, монголын овог аймгуудын тамга, хаалганы гоёл, тулгуур гурван баганад чулуун хөл хийх, гэрэлтүүлэг, музей доторх интерьер, дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Эдгээр ажлыг монгол урчууд болон гадаадын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.
Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Чингис хаан музейн барилгын 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн гэдгийг холбогдох мэргэжилтэн мэдээлсэн.
Чингис хаан музейн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Одоогоор барилга угсралтын ажил дуусч, өрлөг дүүргэлтийн ажлыг хийж байгаа. Хүйтний улирал эхлэхээс өмнө дулааны шугамд холбож, барилга доторх ажлыг эхлэх гэнэ. Ирэх 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөснөөр музейн барилгын гаднах чимэглэлийн ажлыг гүйцэтгэх ажээ.
Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс өмнө нь музейн сан хөмрөгийн талаар тодруулахад “Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байгаа” гэдгийг хэлж байсан юм.
Мөн тэрбээр “Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэх, 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг хэлж байв. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.
Чингис хаан музейд шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт гарчээ |
|