НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “10 дугаар сарын агаарын чанарын хэмжилтийн дүнг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 15 хувиар буурсан, бусад бохирдуулагч бодис стандартын хэмжээндээ байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 01-ний хооронд агаарын чанарын долоо хоногийн хэмжилтийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 16 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн учраас иргэдэд хүрэх түлшний хүртээмж илүү сайжирна” гэлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхэлсэн. Зарим нийтлэг томоохон зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийсэн, үнс нурмаа ил задгай асгадаг зэрэг зөрчил илэрлээ. Мөн угаар мэдрэгчээ зөв ашиглахгүй байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф үнэгүй болсон. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь битгий үлдээгээрэй. Цахилгааны болон галын аюулгүй байдлаа онцгой анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцолж хэлэв.
Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй
МХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.
М.Мөнхдэлгэр: Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байна
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Сүүлийн 24 цагийн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нийт 352 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгэрсэн 314 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 38 хүн эмчлүүлж байна.
Харин томуу, томуу төст өвчний талаарх товч мэдээллийг өгөхөд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1123 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс амьсгалын замын өвчтэй хүүхэд 302 байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс өгч байх шаардлагатай. Мөн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аянд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байгаа гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд онцолж хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо хоёр дахин нэмэгджээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27