“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилчдадаа зориулсан нийгмийн хариуцлагын хүрээнд баригдаж буй “Уурхайчин-1,2,3” цогцолбор хорооллын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа ч “Уурхайчин-2” хорооллын хувьд орон сууцны захиалга албан ёсоор эхлэх болоогүй гэдгийг Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлж байна.
Учир нь Эрдэнэт үйлдвэр захиалагч байгууллагын хувьд “Уурхайчин” орон сууцны хорооллын барилгын ажлын гүйцэтгэлээ 70 хувьд хүргэсний дараа байрны захиалга авч эхлэх шаардлага тавьж байгаа юм. Мөн тухайн компани нь захиалга авахдаа Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой. Ингэхдээ гэрээний загвараа үйлдвэрийн газрын Хуулийн хэлтсээр хянуулж, хүчин төгөлдөр болсны дараа захиалга авч эхлэнэ. Гэтэл “Уурхайчин-2” хорооллын барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 20 хувьтай байхад уг хорооллын гүйцэтгэгч “Өргөө хаан констракшн” компанийн зүгээс байрны захиалга авч байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээж буй нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байна.
“Тодруулж хэлбэл, тухайн компанийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, ажилтнуудтай худалдах, худалдан авах гэрээ хийж, эрх бүхий байгууллагаар хянуулах зэрэг нөхцөл хангасны дараа Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зүгээс ажилтнуудын захиалгыг албан ёсоор өгнө. Тиймээс бид “Өргөө хаан констракшн” компанийн удирдлагуудад албан тоот хүргүүлсэн, хариу хүлээж байна” гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат онцоллоо.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Д.ЭРДЭНЭБАТ: “Уурхайчин-2” орон сууцны хорооллын захиалга албан ёсоор эхлэх болоогүй байна |
|