Ням, 2024-11-24
Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т томилолтоор ажиллалаа
 
     Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нар, яамны газар, хэлтсийн дарга, албаны хүмүүсийн хамт зочиллоо. Эрдэнэт үйлдвэрийг зорьж Орхон аймагт хүрэлцэн ирсэн салбарын сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор нар болон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, Уурхайчин хамт олон халуун дотноор хүлээн авч уулзлаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Уул уурхайн салбарын мэргэжлийн хүн сайд болсонд талархалтай байгаагаа илэрхийлэн, шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд ажлын амжилт хүсэж, албан томилолтоор хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн болон өнөөгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
 
     Эрдэнэт үйлдвэр түүхэн 42 жилийнхээ хугацаанд 38 жилд нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэр, сүүлийн 4 жилд Үндэсний үйлдвэр болон ажиллаж байгаа. Үүнээс эхний 3 жилд төр 51%, хувийн хэвшлийн 49%-ийн эзэмшлийн маргаантай байсан цаг үед ч Эрдэнэтийн уурхайчид үйлдвэрлэлийнхээ тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын төлөө хичээн ажилласан. Харин сүүлийн нэг жил гаран хугацаанд 100% төрийн өмчийн статустайгаар ажиллалаа. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрт нүүрлээд байсан засаглалын хямрал арилсан. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр холыг харж ажиллах ёстой. Тиймдээ ч Алсын хараа, Эрхэм зорилгоо баталж, баримтлан ажиллах Бодлогоо тодорхойлсноо Ерөнхий захирал танилцуулсан.
 
     Тэрээр цааш нь, “Өнгөрсөн 4 жилийн хугацааг дүгнэж хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн. Хамгийн гол нь бид Үндэсний баялгаа улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогоороо дүгнэж үзэж байгаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол, 2019 онд энэ дүн нэг их наяд төгрөгт дөхсөн. Бусад татвар, хураамж, төлбөр зэргийг нэмж тооцвол энэ дүн 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол эрдэс баялгийн нөөц юм. Сүүлийн гурван жилд бид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилд хийсэн. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр өнөөдрөөс цааш наанадаж 60 жил ажиллана. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар аль нэгэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад ямар ч өр, зээлийн төлбөргүй болсон. Ингэснээр бид ирээдүйд олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдаж болохуйц санхүү, эдийн засгийн яриа хэлэлцээрийг төр, засгийн дэмжлэгтэйгээр хийхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа” хэмээн ярьлаа.
 
 
 
    “Эрдэнэт үйлдвэр шинэ коронавирусын хорио, дэглэмийг чанд сахин, байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, уурхайчид, тэдний гэр бүлийг бүхий л чиглэлээр хамгаалах зорилго бүхий Төв болон дэд штабууд хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ажилтнуудынхаа үндсэн болон тарифт цалинг 45 хүртэл хувиар нэмэгдүүлсэн бол Коронавирусын хор уршиг, эдийн засгийн хямралын үед бид нэг ч ажлын байр цөөлөөгүй, харин үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, 2020 он гарсаар зургаадугаар сарын нэгний өдрөөс цалинг дахин 10 хувиар нэмж, ахмадууддаа олгодог тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар нэмсэн. Энэ нь уурхайчин хамт олны гэр бүлд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
 
     Мөн, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүд, болон шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудаа товчхон танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өмнөх 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэр 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон. Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажилд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байгааг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдээс, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл болон Зэсийн баяжмал боловсруулах, металлурги-химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд Төр, засгийн дэмжлэг чухал гэдгийг онцолсон. Цаашид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын статусыг оновчтой болгох, Үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх, Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудын ашиглалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэх, “Стандарт” банктай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төр, захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлж, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх болон Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлж байгаа асуудлыг эцэслэн шийдвэрлэх, зэрэг асуудлаар дэвшүүлсэн саналаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн салбарын сайддаа танилцууллаа. Тэрээр, салбарынхаа ажил байдалтай танилцаж, үйлдвэр, газруудаар явж, уурхайчдынхаа санал бодлыг сонсож яваа сайдад Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.
 
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүд тусгагдсан
 
     Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд, халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлж, албан томилолт, уулзалтын зорилгоо танилцуулсан. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас есөн дэд зорилт, 33 арга хэмжээг төлөвлөсөн. Үндсэндээ 4 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо үндэслэл хийгдчихсэн, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой, гэсэн төслүүдийг авч үзэж, энэ үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байгаа. Дээрх есөн дэд зорилтын хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйтэй шууд холбоотой төсөл хөтөлбөр юм. “Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлж, улс эх орны язгуур эрх ашигт тааруулж ашиглана” гэсэн дэд зорилт дотор Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд багтаж байгаа. Мөн дэд зорилтын хүрээнд “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх” асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх” гэсэн хоёр төсөл байгаа. Энэ удаагийн албан томилолтоор эдгээр төслүүдийн үйл явц, төлөвлөсөн ажил, одоогийн байдлаар хийгдсэн ажлуудтай танилцах зорилготой”. Мөн албан томилолтын хүрээнд “Бэрэн метал” ХХК, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.
 
     Тэрээр, уулзалтын үеэр үйлдвэрийн хамт олонд хандан, “Аливаа уул уурхайн үйлдвэрийн хөгжил үндсэн дөрвөн зүйл дээр тогтдог гэж хувьдаа боддог. Энэ нь нэгдүгээрт, түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц. Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан. Хоёрдугаарт, хүний нөөц буюу сайн боловсон хүчин. Эрдэнэт үйлдвэр үүнд бас онцгой анхаарал хандуулдаг, сайн боловсон хүчинтэй газар. Энэ хоёр л байвал дараагийн хоёр буюу шинэ техникийг худалдаж авч, шилдэг технологийг нэвтрүүлж, эзэмшиж чадна. Тиймээс өнөөдрийн уулзалтаас, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг илүү сайхнаар харах ойлголт нэмж авлаа. Уурхайчин хүний ар гэр бол бас “Уурхайчин” байдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхээ уурхайчин хамт олонд, гэр бүл, үр хүүхдүүдэд нь салбарын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.
 
     Салбарын сайд тэргүүтэй албаны хүмүүс үйлдвэрийн газрын удирдлага, хамт олонтой хийсэн уулзалтын дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн дүүрэгт ажиллаж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цехийн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцаж, цехийн удирдлага, инженерүүдтэй санал бодлоо солилцлоо.    
 
 
 
                                                                                                              Ч.БАДРАЛ
                                                                                                                       ФОТО: Б.БАТТӨГС

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч байна
2020-08-15 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0