Бямба, 2024-11-23
Эрдэнэт үйлдвэр хоёр ажилтнаа таун хаусаар шагналаа

Даваа гараг бүр болдог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэнг 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг гардуулав. Мөн хөдөлмөрийн хамт олноо манлайлан, ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнастад “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусны түлхүүр гардуулсан юм.

 

 

 

 

 

Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллах хугацаандаа Улаанбаатар экспедицийн хайгуулын гуравдугаар ангид ажиллаж Таван толгойн нөөц тогтоохоос ажлын гараагаа эхэлж, Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтыг удирдсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”-ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан. Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ. “Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг даруй 40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн газрын удирдлагууд үзжээ.

Харин ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн тэргүүний ажилтан, шинийг санаачлагч Г.Мөнхнаст нь 2006, 2018 оны Хөдөлмөрийн аварга бөгөөд 2012 онд “Уурхайчны алдар” алтан медаль, 2016 онд “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчин юм.

Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар бэлэг барьж байсан бол энэ удаа дахин хоёр ажилтнаа орон сууцаар ийнхүү шагналаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс


Эрдэнэт үйлдвэр хоёр ажилтнаа таун хаусаар шагналаа
2020-04-13 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0