Ням, 2024-11-24
Эрдэнэтийн цахим уралдааны шилдгүүд

Монгол–Оросын найрамдал, хамтын ажиллагааны 60 дахь жилийн өдрүүдийг Орхон аймгийн Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгээс санаачлан  аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. “Цар тахлын дэгдэлтийн улмаас үүссэн хорио цээрийн нөхцөл байдал шинэ орчинд ажиллах, бэрхшээлийг давуу тал болгон ашиглах арга замд сургалаа” гэж зохион байгуулагчид ярив. Найрамдлын өдрүүдийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд орос дуу, шүлгийн, Орос хэлний багш нарын дунд мэргэжлийн ур чадварын, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцсон ахмадууд, илгээлтийн эзэд, анхдагчдын дунд “Анд нөхрөө дурсахуй”, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ОХУ, тусгаар улсуудын мэргэжилтнүүдийн дунд “Сэтгэлд шингэсэн Монгол орон” эссэ бичлэгийн, “Монгол орон миний нүдээр...” фото зургийн цахим уралдаан зарласан юм. Мөн Орос 19-р сургуулийн сурагчдын дунд Орос-Монголын найрамдал нөхөрлөлийн тухай Орос, Монголын яруу найрагч, зохиолч нарын шүлэг, дууны уралдаан, Монголын эко бүтээгдэхүүн, гар урлалын тэмцээн зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний төв, Орос 19-р сургууль, “Катюша” цэцэрлэг, Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цехийн хамт олон манлайлан оролцжээ.  

     Гэрэл зургийн 80 гаруй бүтээл ирснээс нэгдүгээр байрт Засвар угсралтын цехийн ажилтан Липовекий.Е.Ю шалгарч, дэд байрыг Орос нэгдүгээр сургуулийн багш Гераскина.Т.А, гутгаар байрыг Казакова.О.Е эзэлсэн байна. Харин тусгай байрын шагналыг Орос нэгдүгээр сургуулийн сургалт, хүмүүжил эрхэлсэн орлогч Гомбоева.В.Ш, номын сангийн эрхлэгч Атакуева.А.О нар хүртэв. “Сэтгэлд шингэсэн Монгол орон” эссэ бичлэгийн уралдаанд Серова.В.А, Динар Мухаметов нар шилдгээр шалгарав. Энэхүү уралдаанд таван гэр бүл оролцсон нь онцлог байлаа. “Анд нөхрөө дурсахуй” эссэ бичлэгийн уралдаанд 18 бүтээл ирснээс Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан Н.Содномдаржаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин Ж.Баатархүү,  Хялганат Эрдэнэтийн мод боловсруулах, дамжуулах баазын ахмад ажилтан Т.Батзориг, Цахилгааны цехийн ахмад ажилтан Б.Лёня, 186-р ангийн ахмад дайчин Э.Батсүх, Б.Дорж, С.Лхажав нарын эссэ шалгарав. Түүнээс гадна “Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцсон миний өвөө” эссэг Орос 19-р сургуулийн 11-р ангийн сурагч А.Хонгор бичиж ирүүлсэн нь олны талархал хүлээсэн. 

     Монгол–Оросын найрамдлын өдрүүдэд зориулсан цахим уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Зайнутдинов.Р.А, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нар оролцсон бөгөөд шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм.


Эрдэнэтийн цахим уралдааны шилдгүүд
2021-02-05 01:00:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0