Сүхбаатарын талбайд нэгэн иргэн харамсалтайгаар амиа алдав. Тэрээр өөрийнхөө дээр 5 литрийн савтай бензин асгаж, өөрийгөө шатаасан юм. Хэдийгээр тухайн үед Сүхбаатарын талбай дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч шуурхай ажиллаж, галыг унтраасан боловч тухайн иргэн шархаа даалгүй нас барсан юм.
Харин тухайн цагдаагийн албан хаагч "Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байхад талбайн баруун талд нэг хүн орилсон. Сэжиг бүхий санагдсан учраас шалгахаар очтол 2 алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Тэгээд чадлаараа галыг унтраахаар хичээсэн. Ойр хавьд байсан иргэд ч тусалсан. Харамсалтай нь амь насыг нь аварч чадсангүй. Би өөрөө гэмтсэн юм одоогоор алга" гэсэн юм.
Тэгвэл тус цагдаагийн албан хаагчийн ээж нь өөрийн цахим хуудаснаа "Хүүгээрээ бахархаж байна өө. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн. Бензин биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна.
Бид 2 уг нь бусдын л адил хүүгээ БНХАУ-д дунд сургуульд сургаж, Монголдоо Их сургуульд сургаж хятад хэлтэй эдийн засагч болгосон. Гэтэл мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад би өөрийнхөө сонирхлоор явъя даа аав ээж 2 минь гээд цагдаа болсон хүн дээ. Өчнөөн жил сургасан байхад мэргэжлээрээ явсангүй гээд бид 2 их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байснаас биш хүүгээ бол үүрэгээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харж байлаа..Өмнө нь хүний амь аварч л байсан. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо л арай өөр. Бид ч нээх ч сүртэй юм бодсонгүй.
Гэтэл харин орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд их гунигтай ороод ирэхэд л хараад гэнэт өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг. Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна.
Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна гээд аавтайгаа ярьж сууна. Тэрхэн хооронд бензинтэй хувцасыг нь тайлчихвал ч гэж бодоод амжсан бололтой. Хайран залуу гээд их л харамсаж байна" гэжээ.
н.Туяа: Хүүгээ хятад хэлтэй эдийн засагч болгосон ч хүссэн мэргэжлээрээ ажиллана гээд цагдаа болсон |
|