Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудад хүлээлгэж өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа зочид буудлуудын теле камеруудын үзлэг шалгалтыг хийсэн байна. 17 зочид буудалд шалгалт хийснээс есөн зочид буудлаас зөрчил илэрч, зөрчлийг арилгуулах албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн сайжруулсан түлшний хэрэглээний талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу итгэмжлэгдсэн лабораторид шалгуулах ажлыг зохион байгуулжээ. Шалгалтаар Монгол Улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн, байгаль орчин болон иргэдэд хор хөнөөлтэй химийн элемент илрээгүй гэсэн дүн шинжилгээ гарсан байна.
Үүний дараа Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулга хийлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд төр, захиргааны байгууллагын 62,646 ажилтан, албан хаагчдыг 2021 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлжинд халдварын голомтын бүсийн айл, өрхийн шинжилгээг 137 явуулын баг, 73 түр шинжилгээний цэгээр нийт 109,068 иргэнээс шинжилгээ авсан. Гуравдугаар ээлжинд 247,674 шинжилгээг 02 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд есөн дүүрэгт зохион байгуулах хуваарийг гарган ажиллаж байна.
2021 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 54,261 иргэн, 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 30,676 иргэн, 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 32,801 иргэн, 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 23,765 иргэн, 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 22,861 иргэн, 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 69,264 иргэн, 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Багахангай дүүргийн 945 иргэн, Багануур дүүргийн 6,893 иргэн, Налайх дүүргийн 6,208 иргэнийг тус тус шинжилгээнд хамруулах юм.
2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 15,000 иргэн шинжилгээнд хамрагдахаас 13,026 иргэн хамрагдсан байна.
Шинжилгээнд 3,796 эмч, эмнэлгийн ажилтан, 2,437 бусад төрийн байгууллагын, эргүүл хамгаалалтад 9,389 алба хаагч, нийт 15,622 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
02 дугаар сарын 16-ны өдрөөс зах, бөөний худалдааны төвийн үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөж, 02-р сарын 14-15-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн 18 цэгт дээрх аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Баярын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн 46 автомашин ажилласан. Ачаалал ихэссэн үед таван автомашин нэмж ажиллуулсан” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо |
|