Ням, 2024-11-24
"Тусгай албаны тусгай алба хаагчид"

Нийслэл хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан үед төрийн байгууллагууд ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллажээ. Төрийн байгууллагын тусгай албаны алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, баяр амралтын өдрүүдэд хайртай бүхнээ умартан бидний төлөө хичээсэн. Би ч бас чадах ядахаараа хичээхдээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хараад төрсөн сэтгэгдлээ товчхон хуваалцъя.
 
Энэ цагийг эзэлсэн эгэл баатрууд минь та бүхэндээ баярлалаа.
 
“Эх орон” гэдэг үг иргэн бидний амнаас урсах энгийн нэг үг бус Монголын минь нэгээхэн хэсэг болсон цэрэг, цагдаа, хүчний байгууллагын эрэлхэг аавын хөвгүүд, эрхэмсэг ээжийн охидын зүрхэнд нь амь болж цохилж, амьдрал нь болж цалгилж яваа сэтгэлийнх нь оч, итгэлийнх нь гал гэдгийг анзаарлаа.
 
 
Тэсгэм хүйтэн хасах гучин градус, төөнөж шарсан нэмэх гучин градуст ганц үг ган хийдэггүй тэд бол тэвчээрийн туйлууд аж. Гар хоосон, хөл нүцгэн ч цаг гэдгийг яс баримталж үймсэн цагийг эмхтгэж, тулсан цагт туйлдалгүй, тулах цөвүүнд няцалгүй, ядарлаа гэж ялархаагүй, явгарлаа гэж цухалдаагүй цовоо борхон аавын хүү, цог нь бөхдөггүй ээжийн охид юмаа тэд.
 
Энд нэг нь муу хэлж, тэнд нэг нь муухай харж, цагаан захтаны бууны нохой гэж цалгин дэвэрсэн сэтгэлийг ээдүүлэх нь уйтай. Гэвч тэд бидэнтэй л адилхан хүн. Цагаан сүүгээр амалж, ногоон тал дээр гүйж, бор гэрийнхээ хойморт эрхэлж борхон амьдралаас ургасан хүн цэцэгс. Ээжийн зөөлөн үгэнд нялхарч, эцгийн дөлгөөн харцанд ухаажиж, хатуу үгэнд гомдож, хахир үгэнд энэлэх зүрхтэй, амь ижил хүн билээ.
 
 
Төрийн хүнд албыг тэд хүсэл сонирхлоороо сонгосон ч гэлээ энэхэн биеэ эх орон, ард түмнийхээ төлөө зориулж, түмэн олны амар амгалангийн төлөө түүртэж няцалтгүй зүтгэж яваа уудам эх орныхоо уул, ус, газар шороо, ургамал амьтан, хүн зон олныхоо төлөө өдрийн нарыг шөнийн сартай холбож, өвдөг сөхрөлгүй зүтгэж яваа өнөө цагийн нэргүй баатрууд юм.
 
Муу хэлүүлсэн ч шүд зуун тэсэх юм, магтан сайшаасан ч үл хөөрцөглөх юм. Тэдний тэсвэр хатуужил, гайхам ур чадвар, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байгааг хараад хүндлэхгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхын аргагүй.
 
Та бүхний гэгээн их хүсэл, гэрэлт орчлонг гийгүүлж, үнэн зөвийн өнгөт орчлонд өөдлөн дээшилж, баатарлаг үйлс бүр тань бахдам амжилтаар дүүрэн байг. Тэд бол яахын аргагүй тусгай албаны ТУСГАЙ АЛБА ХААГЧИД юм байна. Баярлалаа баатрууд минь бахархахгүй байхын аргагүй билээ.

"Тусгай албаны тусгай алба хаагчид"
2021-02-24 09:20:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0