Даваа, 2024-11-25
Монголчууд арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна

Цагаагчин үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр энэ жил 11 дүгээр сарын 5-ны Баасан гарагт тохионо.

 

Энэ өдөр монголчууд бүх нийтээрээ амрах хуультай. Учир нь Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, 2012 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохионо.

Төрийн өндөрлөгүүд энэ өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай ч өнгөрсөн жил цар тахлын улмаас бүх үйл ажиллагаа цуцлагдаж байв.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй. 2020 онд Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан" одонг олгосон юм.

"Чингис хаан" одонг энэ жил хэнд олгох нь одоогоор тодроогүй байна.

"Чингис хаан" одонт эрхмүүд

Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав

2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн

2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж

2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном

2014 онд Академич Хавтгайн Намсрай

2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо

2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар

2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр

2019 онд “The Hu” хамтлаг

2021 онд/Цар тахлын улмаас хойшлогдсоор энэ онд олгосон/ БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарт олгожээ.

Арваннэгдүгээр сарын 26-ны Баасан гараг бүх нийтийн амралтын өдөр

Гэрэл зургийг MPA.mn

Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр мөн бүх нийтээрээ амарна. Хуанлийн хуудаст тэмдэглэснээр баярын өдөр Баасан гарагт таарч байна.

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97 жилийн ойтойгоо золгоно.

Хуулийн заалт

 
“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлдэг.

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр нь бүх нийтээр амардаггүй ялгаатай байна.

 


Монголчууд арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна
2021-10-05 14:28:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0