Германы Мюнстер хотод ирэв. Жихүүн салхи хацар илбэж, наран авхай үүлний цаанаас цухуйхад бүдэг саарал өнгө ноёлсон эртний барилга олонтой энэхүү хот гэрэлтэй болсон мэт мэдрэмж төрүүлэв. Хотын төв хэсэгт Монголын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Бэхбат, зураач Ц.Ган-Эрдэнэ нар тосч авлаа.
Тэд биднийг дагуулан хотын төв хэсгээр алхаж, үүх түүхээс хуучилж, алдарт Энхтайвны танхим (Friedenssaal) -д орцгоов.
Мюнстер хотын түүхэн дэх хамгийн алдартай үйл явдал болох 30 жил үргэлжилсэн дайныг дуусгасан Вестфалийн энх тайвны гэрээг 1648 онд энэ танхимд байгуулсан түүхтэй. Түүхийн олон үзмэрүүдийг сонирхож, нүдээ хужирлав. Цагийн зүү үдээс хойшоогоо заахад хоттой танилцах аялалаа өндөрлөж зураач Ц.Ган-Эрдэнийн урланг зорилоо. Тэнд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулгыг хийхээр төлөвлөсөн юм. Уран бүтээлийн урлангийн хаалгаар оронгуут хананд өлгөсөн зурагнууд эрхгүй хараа булаана.
Саарал өнгийн сүүдэр давамгайлахаас гадна дүрслэл нь их содон. Усан дээр тусах хүний сүүдэр ганцаараа биш гэсэн санааг илтгэх мэт. Магадгүй энэ дүрслэл нь хүний дотоод сэтгэлд нуугдаж байдаг өөр нэгнийг ч илэрхийлсэн байх. Бас алхаж яваа бүсгүйг араас нь янз бүрээр дүрсэлж зуржээ. Эмэгтэй хүн чинь урдаасаа биш араасаа илүү үзэсгэлэнтэй юм биш үү гэсэн бодол зурсхийв. Түүний зургийг зэрвэс хараад ойлгоход амаргүй ч удаан ширтэх тусам нэг түүх, санааг өгүүлдэг учраас европ хүмүүс дурладаг байх гэсэн бодол төрж байлаа.Уран бүтээлч "Рефлекшн" буюу “Тусгал” арга барилаар уран бүтээлээ туурвидаг юм байна.
“Хүн бүр нэг талдаа гадны материаллаг, бие махбодийн амьдрал нөгөө талдаа бодол, дурсамж, уран зөгнөл, сэтгэлийн мэдрэмж, бодлын холбоо, төсөөлөл, хүсэл тэмүүлэл, айдсаар илэрдэг оюуны дотоод ертөнцийн хоёр өөр амьдралаар амьдардаг юм гэсэн санааг тусгалаар дамжуулж харуулахыг зорьдог” гэж зураач тайлбарлав. Ц.Ган-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнстер хотод 20 шахам жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус хотын Урлагийн академид суралцан төгссөн, бүтээлээрээ европт нэрд гарч байгаа чөлөөт уран бүтээлч. Түүний гэргий Б.Намуунаа уран барималч. Хос уран бүтээлч Мюнстер хотын төвд олон орны уран бүтээлчид төвлөрсөн соёл урлагийн ордонд урлангаа нээжээ. Номын уулзалт эхлэхээс өмнө зураач Ц.Ган-Эрдэнэ номын зохиогч Д.Тэрбишдагвыг энэхүү соёл урлагийн төвлөрсөн төвийн барилгыг эзэмшигч, Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэд болох Вольфганг Холкер болон гэргий Сигги Шпигельбургтай нартай танилцуулав. Энэ гэр бүл урлагт дуртай, уран бүтээлчдийг дэмждэг хүмүүс аж. Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газар нь шинжлэх ухааны хэвлэн нийтлэгч гэдгээрээ алдартай төдийгүй хүүхдийн номын цувралууд нь эрэлт ихтэй. "Феликс" хүүхдийн цуврал ном, "Лиллифи гүнж"-ээр нэрд гарчээ.
Coppenrath Verlag GmbH & Co KG хэвлэлийн газрын эзэн Вольфганг Холкер 1995 онд 11 сая евро байсан хэвлэлийн газрын мөнгөн эргэлтийг 2005 онд 55 сая евро болгон нэмэгдүүлсэн түүхтэй юм байна. 1992 онд эхнэртэйгээ "Die Spiegelburg" брэнд гаргажээ. Номын зохиогч Д.Тэрбишдагва Вольфганг Холкертэй цаашид хамтран ажиллах гарц болон Монгол Улсын түүх, соёлын талаар ярилцлаа.
Энэ гэр бүлийнхэн номонд хүндэтгэлтэй ханддаг болохоор үдээс хойш эхэлсэн Д.Тэрбишдагвын номын танилцуулах уулзалтад зорьж ирж оролцон “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номон дээр зохиогчоор гарын үсэг зуруулж авав. Зураачийн урланд номын танилцуулга хийх нь орчны зохицолын хувьд донжтой. Номын хэсгээс уншихад уншигчдад тухайн үйл явдлын талаарх тодорхой төсөөлөл, зураглал буухын зэрэгцээ хаашаа ч харсан утга, агуулга гүн зураг угтах нь таатай байсан биз ээ. Мюнстер хот нь соёл урлагийн төв учир энэ удаагийн номын танилцуулгад урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм. “Вестфеалише” дээд сургуулийн багш бүсгүй Андреа Волф олон улсын соёлын харилцааны хичээл дээрээ жишээ болгон “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын тухай танилцуулая, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео, үндэсний хувцастай зургаа илгээгээч гэсэн хүсэлт тавьж байлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт ...
Д.Доржпагма
Д.Тэрбишдагвын номын танилцуулга Мюнстер хотод үргэлжлэв |
2024-08-06 10:51:07
2024-08-06 10:47:19
2024-08-06 10:41:08
2024-08-06 10:37:24
2024-08-06 10:35:49
2024-08-06 10:34:33
2024-08-02 11:02:06
2024-08-02 10:52:15
2024-08-02 10:51:02
2024-08-02 10:50:05