Даваа, 2024-11-25
Л.Энх-Амгалан: Томуугийн дэгдэлт эхэлж байгаа учраас 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хуулийн ажлын хэсэг болон хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Боловсролын багц хуулийг үндсэндээ бага Үндсэн хууль гэж хэлж болно. Ийм том хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Энэ бол 3.2 сая иргэнд бүгдэд нь хамаатай хууль. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр гарч байгаа саналуудыг хуульд тусгах боломжтой.

Хуулийг батлахдаа нийгмийн зөвшилцлөөр буюу аль болох олон хүнийг хамарсан хэлэлцүүлэг хийж байж амьдралд нийцсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан хууль бий болгоно.

Бид хүний хөгжлийн индексээрээ яагаад тэргүүн эгнээнд гарч чадахгүй байна вэ гэхээр боловсролын салбарын тогтолцооноос болж байна. Ядуурал, ажилгүйдэл их байгаа нь боловсролын зөв менежмент, тогтолцоог бий болгож чадаагүйтэй холбоотой.

Өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгчийг томилохоос эхлээд боловсролын бүх шатны байгууллагад асуудал байна. КОВИД-19-ийн үеийн хоцрогдол гэхээсээ илүү түүнээс өмнө бий маш том хоцрогдол бий болсон байсан. Эдгээрийг засах шинэчлэх хуулийн төсөлд тусгагдсан байгаа.

Монгол Улсын 2022 оны төсөв энэ долоо хоногт батлагдана. Түүний дараа хэлэлцэх хамгийн том хууль бол Боловсролын багц хууль юм" гэв. 

-2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр хэзээ гарах вэ?

-УОК, ЭМЯ, БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Бүр цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд яг одоогийн байдлаар 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Яагаад гэвэл улс даяар томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас харзнах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.

Цаашдаа цэцэрлэг 2 наснаас эхлэх ёстой уу эсвэл 3 наснаас эхлэх үү гэдэг үндэслэлийг Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгээр шийднэ.

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу?

-Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай хэрэг гарсан. Энэ өнөөгийн боловсролын салбарын нөхцөл байдал болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулсан явдал боллоо.

Бид шат шатны удирдлагатай хариуцлага тооцохоор орон нутгийн удирдлагатай ярилцаж байна.

Ер нь сургууль, дотуур байрны орчинд маш олон гэмт хэрэг гардаг юм байна. Энэ талаар олон нийтэд мэдээлдэггүй л байсан болохоос. Тэгэхээр хуулийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх шаардлага байна.


Л.Энх-Амгалан: Томуугийн дэгдэлт эхэлж байгаа учраас 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна
2021-11-09 17:28:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0