Даваа, 2024-11-25
“Ногоон картын систем”-д нэгдэх тухай цахим хурал боллоо

Олон улсын тээвэрлэлтийн явцад үүсэх эрсдэл, хариуцлагыг богино хугацаанд шуурхай шийдвэрлэх, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэхэд зориулсан хамгаалалтын систем буюу олон улсын ногоон картын системд нэгдэн орох боломж, нөхцлийн талаар зөвлөлдөхөөр Олон улсын авто даатгагчдын зөвлөл (The Council of Bureaux)-тэй 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар уулзлаа.

Уг уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Жаргалсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын мэргэжилтэн О.Бямбасүрэн, Олон улсын авто даатгагчдын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Greet Flore, хуулийн зөвлөх Luk De Baere, өргөдлийн хорооны дарга Miso Jankovic болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Ногоон картын системийг Европын улс орнуудад 1949 оноос танилцуулж, хэрэгжүүлж ирсэн. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс (UNECE)-оос эхлүүлж, үйл ажиллагааг Олон улсын авто даатгагчдын зөвлөл хариуцан хэрэгжүүлж ажиллаж байна. Олон улсын ногоон картын системд 48 улс гишүүнчлэлтэй. Тус систем нь захиргааны саад тотгорыг арилгах замаар хил дамнасан замын хөдөлгөөнийг дэмжих, гадны улсын тээврийн хэрэгслийн гаргасан зам тээврийн ослын хохирогчийг хамгаалах гэсэн хоёр үндсэн зорилготой. 

Монгол Улс нь НҮБ-ын автозамын тээвэртэй холбоотой олон улсын 7 гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд цаашид нэгдэн орох шаардлагатай олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийг судлан энэ чиглэлээр НҮБЕЭЗК-ийн Тогтвортой тээврийн хэлтэстэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Тогтвортой тээврийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд Монгол Улсад 2019 онд айлчлан, олон улсын автозамын тээврийг хөгжүүлэх, ТИР тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын даатгалын ногоон картын систем, тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтыг зохицуулах талаарх НҮБ-ын холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр холбогдох сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, эдгээр олон талт гэрээнд Монгол Улсыг нэгдэн орохыг зөвлөмжилсөн.

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Ардчилсан Солонгос, Европын орнуудаас Латви, Унгар, Литва, Словени зэрэг 12 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус яамны зүгээс Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Итали, Австри, Франц, Хорват зэрэг Европын улсуудтай автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг солилцон ажиллаж байна.

Мөн олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг 2018 онд байгуулж, соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээсэн.

Олон улсын хэмжээнд хийгдэж буй гэрээ, хэлэлцээрийн үр дүнд Монголын тээвэрчид гадны улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байдаг. Үүний нэг нь олон улсын автозамын тээврийн даатгалын асуудал юм.

Иймээс бид 2018 оноос эхлэн олон улсын даатгалын ногоон картын системд нэгдэхээр холбогдох дүрэм, журмыг судлан, Монгол Улсын Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын ногоон картын системд нэгдэн орох бэлтгэлийг ханган, уг системд нэгдэх тухай хүсэлтийг Олон улсын авто даатгагчдын зөвлөлд 2021 оны 08 дугаар сард хүргүүлсэн билээ.

Уг хүсэлттэй холбогдуулан цахим уулзалтыг амжилттай зохион байгуулж, Монгол Улс хэдийгээр олон улсын даатгалын ногоон картын системийн газарзүйн хамрах бүс нутагт хамаарагдахгүй боловч энэхүү системийн хүрээнд Монгол Улсын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцолд хүрлээ.

Эх сурвалж: ЗТХЯ


“Ногоон картын систем”-д нэгдэх тухай цахим хурал боллоо
2021-12-10 09:29:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0