Онцгой байдлын байгууллагынхан өнөөдөр 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэлсэн юм.
Тэрбээр “Та бидний хамтын хүчин чармайлтын дүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээр Онцгой байдлын албаны үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинаа тохиолдож байгаагүй халдварт цар тахлын гамшигтай 2 жил гаруй хугацаанд тэмцэж, эрсдэлийг бууруулахад Онцгой байдлын албан хаагчид хичээл зүтгэл гарган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэн, хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлснээр коронавируст халдварын тохиолдлын тоо буурч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд эерэг нөлөө ажиглагдаж эхэлж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд уналттай, улсын төсөв хүндрэлтэй байгаа ч Онцгой байдлын байгууллагын төсвийг, ялангуяа цалин хөлс, урсгал зардлуудыг бууруулахгүйгээр батлууллаа.
Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед бид гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслүүдийг Онцгой байдлын албанд нийлүүлж техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 60.0 гаруй хувьд хүргэлээ. Ирж буй он жилүүд та бүхнээс мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын хариуцлага, шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, цахим хэрэглээг урьд урьдынхаас илүү их шаардах болно. Цаашид гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, сургалтад виртуал технологийг ашигладаг, учирч болзошгүй гамшгийн өгөгдөл, орон зайн мэдээллийн системийг ашиглаж хариу арга хэмжээгээ төлөвлөдөг, хэрэгжүүлдэг чадавхтай болохын төлөө хичээн ажиллах нь чухал байна” гэлээ.
Онцгой байдлын байгууллага 2021 онд “Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар ашиглалтыг сайжруулах”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 95 оноогоор буюу “А” үнэлгээтэй биелүүллээ.
Улсын хэмжээнд 2021 онд тохиолдсон 3852 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3559 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 111.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
С.Амарсайхан: Онцгой байдлын байгууллагын төсвийг бууруулахгүйгээр батлууллаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27