Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Мянганы сорилтын корпорац /МСК/-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлыг түр орлогч Аманда Женнингс болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг дурдав.
Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж буйд Фатима Сумарт талархал илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тус хөтөлбөр нь “Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”, “Хаягдал усыг дахин боловсруулах төсөл”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл” гэсэн харилцан уялдаа бүхий төслүүдээр дамжин хэрэгжиж байгааг онцоллоо.
МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ буюу Усны компакт гэрээг байгуулсан нь түүхэн ач холбогдолтой. Цаашид Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурдлаа. Тэрбээр төсөл хөтөлбөрийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын урьдчилсан ажлууд хийгдэж буйг тодотгов. Түүнчлэн УСУГ-ын зардлыг бууруулах зорилгоор шугамд холбогдсон, гар ажиллагаатай ус түгээх 182 байрыг бүрэн автоматжуулан 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх төслийн бэлтгэл ажлыг хангаж байгааг дурдаад, ингэснээр иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах төдийгүй усны зардал хэмнэх чухал ач холбогдолтой гэлээ.
Хотын дарга Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10