Даваа, 2024-11-25
Д.Сумъяабазар: Монголын сэтгүүл зүй ямагт үнэнд шадар, үгэнд цэцэн байг

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсад аа

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргээд, улс эх орныхоо өнөөгийн хөгжил дэвшил болоод өнөд хөгжин дэлгэрэх алс ирээдүйн төлөө оруулж буй их хувь нэмэрт тань талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарласан нь сэтгүүлчид Та бүхний мэдээлэх эрх, үүрэг, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, боловсрол мэдлэг, нас хүйснээс үл хамааран хүн төрөлхтөн, хүн нэг бүрийн суурь эрхийн баталгаа, зөрчигдсөн эрхийн хамгаалалт болдгоос улбаатай гэдэгт итгэж, ямагт хүндэтгэдэг билээ.

Өдгөө техник технологи болоод цахим ертөнц хөгжин цэцэглэхийн хэрээр үнэнийг танин мэдэх, үйлдлийг нягтлан шалгах, эх сурвалжаа сахин хамгаалах, хүн чанарыг эрхэмлэн дээдлэх, нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, шударга ёсыг хүндэтгэн баримтлах зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох иш үндэс төдийгүй сэтгүүлч Та бүхний мэргэжлийн үнэ цэн, нэр хүндийн баталгаа болох учиртай юм. 

Иймд мэргэжлийн ур чадвар болоод ёс зүйн хэм хэмжүүрийг хүндэтгэн үзэж, үнэний талд, хүний төлөө ажилладаг сэтгүүлч Та бүхнийг Улаанбаатар хоттой холбоотой үнэн, бодит мэдээ мэдээллээр цаг хором алдалгүй, саадгүй хангаж, нийслэлийн хөгжил дэвшил, улаанбаатарчуудын амар тайван амьдрал, өсөн дэвжих боломжийн төлөө ямагт нээлттэй хамтран ажиллахыг чухалчлан үздэг болно.

Нийслэл Улаанбаатар хотын сайн сайхны төлөөх бидний хамтын ажиллагаа ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨХ Та бүхний эрхэм зорилготой огтхон ч харшилдахгүйн дээр харин ч бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүний эрхийн зөрчил, дутагдлыг арилгах, хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийслэлийн албан хаагчдын ёс зүйгээ сахин хамгаалах үнэн худлын хэмжүүр, үнэн зөвийг ялган таних нүд, чих болно гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨХ их үйлсэд тань амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголын сэтгүүл зүй ямагт ҮНЭНД ШАДАР, ҮГЭНД ЦЭЦЭН байг ээ!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Д.Сумъяабазар: Монголын сэтгүүл зүй ямагт үнэнд шадар, үгэнд цэцэн байг
2022-05-03 13:35:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0