Мягмар, 2024-09-17
ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЭЗЭНГҮЙ УЛААНБААТАРЫН ШӨНӨ

23:15 цаг Сонгинорхайрхан дүүргийн Зүүн салааны автобусны эцсийн буудлаас чанх хойшоо шороон замаар орж, хэд хэдэн гудамжаар өгсөж уруудав. Тэгсэн машины гэрэлд хоёр хүн гүйж яваа харагдлаа. Нэг нь нэлээд овортой зүйл барьчихсан явна. Харин нөгөөх нь хувцас бололтой зүйлс хааш яйш тэвэрчихсэн гүйж явлаа. Тэр хоёр нөхрийг гүйцэж очоод машиныхаа цонхыг онгойлгон “Газар асуух гэсэн юм” гэж хэлтэл пар хийтэл гүйлдээд алга болов. Хар хувцастай 40 эргэм насны залуу тэвэрч явсан хувцсаа тэр хавиар цувуулаад л хамаг эрчээрээ зугтаачихдаг юм байна. Том овортой эд зүйлс барьсан нөхөр мөн л биднээс зугтаагаад хэрэндээ л хурдан гүйж гарлаа. Машины гэрэлд харахад нэлээд том инчийн зурагт тэвэрчихсан яваа харагдсан. Ногоон хаалгатай айлын хашаа руу ороод нөгөө хоёр нөхөр ор сураггүй алга болчихлоо. Сандарч тэвдэн, үгийн солиогүй гүйсээр одсоноос харвал тэд айлаас хулгай хийгээд явж байхад нь ийн таарсан бололтой. Бидний шөнийн сурвалжлага эндээс эхэлсэн юм. Нийслэл хот шөнөдөө эзэнгүйдэж, сүүлийн гурван жил гэмт хэргийн гаралт ихэссэн. Хаа сайгүй архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрэм гарч байгаа. Энэ талаар нийслэл хотын гудамжаар явж шөнийн сурвалжлага бэлтгэсэн юм. Нийслэл хотын захын гэр хороолол, зуслангийн байруудад сүүлийн жилүүдэд хулгай ихээр гарах болсон. Нэг шөнийн дотор зуслангийн хэдэн эгнээ байшинг тэр чигт нь ухаад бүх эд зүйлсийг нь ачаад явсан хэрэг байсхийгээд л бүртгэгдэж байгаа гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газраас онцолж байна лээ.

Гэр хорооллын харанхуй гудамж анир чимээгүй, хаа нэгтээ нохой хуцах нь сонсогдох аж. Гудамжаар ганцаараа, хоёулаа явж байгаа, гуйвж дайван алхах, дэлгүүрээс архи барьчихаад хар хурдаараа гүйж яваа бага насны хүүхэд тааралдана.

СОГТУУЧУУДААР ДҮҮРСЭН БАЯНХОШУУНЫ ЭЦЭС

Зүүн салааны гэр хорооллын гудамжаар хэсэг явж байгаад Баянхошууны автобусны буудлын эцэс орлоо. Тэр хавьд архидалт хавтгайрчээ. “Өрнөл”, “Бадмаараг” гэх мэт олон баар үйл ажиллагаа явуулж байна. Баарны үүдэнд хөлчүү залуус тамхи татаад зогсож байх юм. Мөн хажууханд нь бөөн зодоон болж байлаа. Хоёр согтуу эр өвлийн хүйтэнд гадуур хувцсаа тайлчихсан, майктай зодолдож байв. Нэгнийхээ дээр гараад суучихсан, нүүр нүдгүй балбаж байна. Хажууд нь байгаа залуус “Наадхаа алаад өг. Муу ... гүйцээчих. Ийм арчаагүй... байсан юм уу” гээд л баахан хараал хэлж, хашгирах ажээ. Харин зодуулж байгаа залуутай хамт яваа бололтой эр “Та нар хүн аллаа шүү дээ. Одоо зодохоо больчих. Би найзыгаа аваад явна. Наадах чинь үхлээ шүү дээ” гээд л гуйгаад байх. Түүний үгийг тоож байгаа шинж ер алга.

Газар унагачихаад л дэвслээд байлаа. Зодуулж байгаа залуу өөдөөс нь эсэргүүцэх нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байв. Тэнд зодоон болж байхад уусан архи, пивондоо согтсон хэдэн охин хажууханд нь тамхи татаад чанга чанга инээлдэж байв. Тэр эмэгтэйчүүдэд хажууханд нь хэн нэгэн үхтлээ зодуулж байгаа нь огт асуудал биш бололтой. Хэн нь ч “Болиоч” гэх нь байтугай зодоон хийж байгаа хоёр руу тоож ч харсан шинжгүй.

Тэнд нэгнийгээ хэвтэрт ортол нь зодох, согтуу хөлчүү хүмүүс гудамжаар орилж хашгирч, эзэнгүй хээр талд хэдэн зэрлэг хүмүүс байгаа юм шиг л авирлаж байгааг зогсоох, хууль сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах цагдаа нар байсангүй. Баарны хамгаалагчаас “Энэ хороонд цагдаа нар байдаг биз дээ. Эргүүлийн цагдаа ирдэг юм уу. Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс зодолдоод байгаа юм биш үү” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс “Хаа нэг ирдэг юм. Бид дуудлага өгөх юм бол ирнэ шүү дээ. Бааранд зодолдоод байгаа хүмүүсийг хөөгөөд гаргачихдаг юм. Тэд гудамжиндаа зодолдож байвал бидэнд хамаагүй” хэмээн хариулж байна лээ. Баянхошууны автобусны буудлын эцсийн баар, караоке согтуу хөлчүү хүмүүсээр дүүрчээ. Баянхошууны эцсээс бид Дэнжийн мянга руу явахаар хөдөлсөн юм. Даландавхарын оршуулга дундуур ороод явлаа. Хэдэн жилийн өмнө энд засмал зам тавьсан. Машины хөл хөдөлгөөн ерөөсөө алга. Замын хоёр талаар хааяа хоёр, гурван хүн явж байгаа харагдана. Тэгсэн оршуулгын газраас хоёр хүүхэд дагуулсан эрэгтэй банз тэвэрчихсэн гараад ирдэг юм байна. Бид ч зогсож “Хаанаас банз авсан юм бэ. Танай гэр ойрхон уу” хэмээн яриа өдлөө. 50 гаруй настай тэрбээр “Чи манай гэрээр яах гэж байгаа юм. Энэ хэдийг дулаан хонуулах гээд түлээ олоод л явж байна шүү дээ” гээд уурлангуй хариулав. “Хүүхэд дагуулчихаад оршуулгын газраар явж болж байгаа юм уу. Наад хоёр чинь айж байгаа байлгүй дээ” гээд асуучихлаа. Мань хүн “За үхсэн хүнээс айдаг эр хүн гэж хаа байсан юм. Манай хоёр өдөр эндээс мод зөөж галаа түлчихдэг юм. Энд цөмөрсөн шарил олон байгаа. Хаагуур яаж явахаа мэднэ ээ, бид гурав” гээд инээв. Өөрөө хоёрхон ширхэг банз барьсан мөртлөө дагуулж яваа хоёр хүүхдэдээ дөрөв дөрвөн банз тэврүүлчихсэн байх. Тэгснээ “Хурдан яваач, юу гээд зогсоод байгаа юм, хар хүйтэнд” хэмээн загнасаар цаашлав. Нөгөө хоёр ч банзаа дааж ядсан амьтад түргэн алхалсаар харанхуй гудамж руу ороод бараа нь тасарлаа.

                                                                                  Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд цахилгаанаас болж айлын байшин шатав
 

ЦАХИЛГААНЫ УТАСНААС БОЛЖ БАЙШИН НЬ ШАТАВ

“Хүчит шонхор” захын тэр хавиар мөн л согтуу хүн олон байлаа. Бүр замын хажууд тасраад унтчихсан хүн ч тааралдав. Зурагчинтайгаа хамжаад тасарсан эрийг сэрээх гэж оролдлоо. Сэрэх шинж огт алга. Өмдөндөө морь харчихсан бололтой. Хэсэг удвал осгож амь насаа алдах нь тодорхой байлаа. Ингээд 102 дугаарын утас руу залгаж дуудлага өглөө. Тэгсэн өөдөөс “Та 103 дугаар руу залга. Эмнэлэг наад хүнийг чинь хариуцна. Түргэн дууд” гэв. Ингээд Нийслэлийн шуурхай удирдлагын төв рүү залгалаа. Түгжрэл байхгүй, дуудлага бага байсан бололтой арав гаруй минутын дараа түргэний эмч хүрээд ирлээ. “Муусайн архичдыг нь цагдаагийн мэдэлд өгөөд амрах юмсан. Бид ингээд зөөх, эмнэлэг дээр очоод өмхий үнэртүүлээд, агсан согтуу тавиад орилж хашгираад байдаг юм” гэсээр өнөөхийг ачиж аваад Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү яваад өглөө. Дэнжийн мянгын гэр хорооллын тэндээс Хайлаастын эцэс рүү явах санаатай өгсөв. Тэгсэн 17 дугаар сургуулийн баруун талын дэнж дээр айлын гэр шатаж байгаа бололтой улаан гал цоролзож харагдав. Бид ч огцом өөдөө гардаг, нэлээн бартаатай замтай гудамжаар өгссөөр шатаж байгаа айлын гадаа арай гэж очлоо. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах аравдугаар ангийн гал сөнөөгчид хэдийнэ ирчихжээ. Даралттай усаар шүршиж галыг унтрааж байлаа. Бага насны дөрвөн хүүхэд, аав, ээжтэйгээ гарч ирээд зогсчихжээ. Гэртээ унтах гээд байж байтал гэнэт салхи шуураад байгаа юм шиг дуу чимээ гарсан гэнэ. Тэгснээ гэнэт гэр рүү нь бөөн хар утаа ороод ирсэн байна. Үүдний амбаараас нь гал гарсан байж. Гэрийн эздийн хэлж байгаагаар цахилгааны утаснаас гал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байв. 7х8 харьцаатай байшин юу ч үгүй болтлоо шатсан байв. Гал сөнөөгчид дуудлага өгснөөс хэдхэн минутын дараа ирсэн гэх. Гэхдээ байшингийн дотор хөөсөнцөр, шилэн хөвөнгөөр хийсэн учир гал амархан тархжээ. Арав гаруй минутын дотор байшин бүхэлдээ гал тархаж шатсан байна. Гэрийн эзэгтэй “Одоо гэр орон байхгүй яаж амьдрах юм бэ. Одоо яана аа” гээд л уйлаад байсан. Гэрээсээ эд зүйл юу ч авч чадаагүй байна лээ. Бүгд л хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа дэрийтэл зогсож байсан. Гал гарч айл шатаж байхад ойр хавийн айлуудаас хувин ус бариад нэг ч хүн гарч ирээгүй. Хамар хашааны айл нь гэрийнхээ тэр хавиар цахилгааны утас гэх мэт хурдан шатаж магадгүй зүйлсээ харж хямгадан, машинаа хашаанаасаа гаргачихсан зогсож байв. Сүүлийн үед гэр хорооллын айл өрхүүдийн гэр, байшин шатах болсон. Яндангаас үсэрсэн цог, цахилгааны утасны гэмтэл, халуун тогоо зэргээс болж гал гарч, иргэд гэр оронгүй болж байгаа билээ.

                                                                                            Дэнжийн мянгын замын хажууд согтуу хүн унтаж байлаа

 

“ХОЁР ХҮҮХДЭЭ ДЭЛГҮҮРЭЭС АРХИ ЗЭЭЛЖ ИР ГЭЖ ЯВУУЛЖЭЭ”

Долоон буудлын эцэс анир чимээгүй, Чингэлтэйн ам ч хөл хөдөлгөөнгүй нам жим байлаа. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дамба, Дарь-Эхийн тэр хавьд ёстой л шоу цэнгээн ид өрнөж байв. “Баарны үүдээр нь такси эрийтэл зогсоод хаашаа явах уу, хүргээд өгнө шүү” гээд тэр хавиар явсан хүн бүрээс асуух юм. Тэгсэн 7-8 настай болов уу гэмээр нэгэн хүү цэцэрлэгт явдаг бололтой дүүгээ дагуулчихсан зам хөндлөн гарах гээд зогсож байлаа. Хэд хэдэн машин өнгөрөөгөөд дүүгээ хөтөлсөөр зам хөндлөн гараад гүйлээ. Хоёр хүүхэд шууд нэг дэлгүүр рүү яваад орсон юм. Бид ч араас нь орцгоолоо. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эмээд хандаад “Эгч ээ ээж, аав хоёр танаас архи аваад ир гэнэ. Маргааш өглөө мөнгийг нь өгнө. Цалин нь маргааш өглөө эрт бууна гэнэ” гээд архи зээлээр авах гээд зогсож байлаа. Худалдагч “Тэр хоёр уух мөрөөрөө уухгүй. Та хоёрыг тэр холоос гүйлгээд байхдаа яадаг юм. Гэрт байгаа хүмүүс чинь агсам тавихаар хүн байна уу” гэж лавлаж асууж байна. Тэгсэн бага нь “Бороо ах л авгайгаа ална гээд байсан. Аав, ээж хоёр хэрэлдээгүй байгаа” гэж хариулж байлаа. Хоёр шил архи торонд хийлгүүлж бариад гарцгаалаа. Хоёр хүүхдийг хүргэж өгөх санаатай “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн чинь танихгүй хүнээс айж байгаа бололтой. Өөдөөс харж байгаад гүйгээд явчихлаа. Дарь-Эхийн автобусны дунд буудлын онц ноцтой хэрэг гардаг гүн жалганы урд талаар гүйсээр яваад өгсөн.

Шар хадны эцэс. 2017.01.11

 

Баянзүрх дүүргийн Шархадны эцэст залуус бөөгнөрч, арын гудамжинд нь хоорондоо зодолдож байгаа дуу гарах. Бас л эргүүлийн цагдаа алга байв. Шар хадны эмнэлгийн хойд дэнжийн гудамжаар ороод явж байтал хөл нүцгэн эмэгтэй согтуу яваатай таарав. Хар дотуур өмд, цагаан богино цамцтай эмэгтэй гуйвж дайвсаар явж байгаад ногоон өнгийн хаалгатай айл руу шууд яваад орсон юм. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн явж байгаагаа мэдэж байгаа юм огт алга байна лээ. Шөнийн цэнгээний газрын үүдэнд энд тэндгүй “Хямдхан архи авах уу. Дэлгүүр хаачихсан байгаа” гэх хүнтэй тааралдах аж. Мөн биеэ үнэлэгчид ч зам дагаад зогсож байв. Нийслэл хотын гэр хорооллын нэгэн шөнийн амьдрал иймэрхүү өрнөдөг ажээ. Гэрэлтүүлэг байхгүй тас харанхуй гудамжинд согтуу хөлчүү хүмүүс л байх. Хэдэн жилийн өмнөөс хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарыг татан буулгаж, дүүргийн цагдаагийн хэлтэс болгонд эргүүлийн цагдааг хариуцуулж өгсөн. Гэвч цагдаа нар хариуцсан газартаа шөнө эргүүл хийхгүй байгаагаас Улаанбаатар хот эзэнгүй болж, гэмт хэргийн үүр уурхай болжээ.

Төрийн цагдаа нь эзэнгүй хотын гудамж, талбайд хулгайч, дээрэмчид шөнийн “ажилдаа” гарцгааж, айл ухаж, аль нэг гудамжинд ганцаараа яваа хүнийг дээрэмдэж, архи уусан хүмүүс орилолдон хашгирч байна лээ. Ёстой л хууль журамгүй, архидалт, хүчирхийлэл, зодооны үүр уурхай болсон газар мэт байна. Хаа нэгэн газарт хүн амины онц ноцтой хэрэг гарч байгааг таслан зогсоох газар ч байхгүй байна. Биднийг сурвалжлага хийсэн тэр шөнө гэмт хэргийн шинжтэй 310 гаруй дуудлага Шуурхай удирдлагын төвд ирснээс архидан согтуурч танхайрсан, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 156 хэрэг, хулгайн 83, дээрмийн 30 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс гадна хүн амины дөрвөн хэрэг гарсан байна лээ.


ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЭЗЭНГҮЙ УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2017-01-25 11:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ