Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, ЗГ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд хуульч, өмгөөлөгч н.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцлоо.
Өмгөөлөгч : “Төрийн ордонд 2017 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас барсан. Энэ асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгээд найман сарын хугацаа өнгөрөхөд хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Цахим орчинд хэргийн үйл явцын талаар маш их мэдээлэл явсан. "Хэрэг хаагдлаа, гадны нөлөөгүй юм байна" гэх мэт мэдээллүүд гарахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй хандсаар ирсэн. Монгол ёс заншлаа бодсон ч бурхан болоочийн ясыг өндөлзүүлээд яриад байх зохимжгүй. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж байгаа гэж бодож, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах үйл явцууд гарч байна. Тиймээс бид хэргийг талаар үнэн зөв мэдээллийг хүргэхээр шийдсэн. Мөн талийгаачийн ар гэрийнхэн өөрсдийн байр суурийг хүргэхээр мэдээлэл хийж байна.
Нэгдүгээрт, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Нэлээд олон хуудас эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе. Дүгнэлт дээр талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугаралт үүссэн. Баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 7*0,5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог үүсч болдог. Дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн.
Мөн энэ хэрэг дээр УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүнээс полиграффийн тест авсан. Энэ бол үнэн худлыг шалгах багаж юм. Дүгнэлтээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн байна. Түүнчлэн хэргийн газар ажиллаж байхад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Хохирогч гар утсыг аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан утас шиг болсон байсан. Шинжилгээний дүгнэлтээр “Гар утсанд ямар нэг мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй байна” гэсэн байна. Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд хэргийн талаар мессеж бичсэн. Тухайн этгээд “Би харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа. Мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн “Энэ хэргийн талаар мэдэхгүй” гэсэн бөгөөд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Задлан шинжилгээнд оруулахаас өмнө ар гэрийнхэн рентген зураг авахуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Задлан шинжилгээний явцад онош дутуу тавьсан, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах явцад гар утасны гадаргуу дээр хурууны хээ байна уу, ямар нэг биологийн ул мөр байна уу гэдгийг шинжилгээнд явуулж тогтоох ёстой. Гэтэл үүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилсон. Уг нь дотор юу байна гэхээсээ өмнө гадаргуутай харьцаж таарна. Утсан дээр байгаа хурууны хээ, биологийн ул мөр арилах боломжтой. Иймэрхүү мөрдөн шалгах ажиллагааны зөрчил,эргэлзээ бүхий байдлууд байна” гэлээ.
Талийгаачийн хүү Б.Ганхөлөг: Би ууган хүү нь. Гэр бүлээ төлөөлж анхны мэдэгдлийг хийж байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид маш их тэвчээртэйгээр ажиглаж байлаа. Бидний хувьд хүндхэн цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээжийнхээ тухай ярихад ч хэцүү. Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон хүн Төрийн ордонд ажлын цагаар амь насаа алдсан байна. Гудамжинд явж байгаа жирийн иргэд бид яах вэ. Энэ хэргээс хойш найман сар өнгөрсөн ч ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Аавыгаа санаж байна. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллагын аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж найдаж, итгэл алдраагүй хүлээж байна.
Талийгаачийн охин Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиасаа хагацаж сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань бэтгэрч байна. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно гэв.
Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж байна, шударга ёсны төлөө тэмцэнэ |
|