Даваа, 2024-11-25
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам  711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг.

Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг нийслэлийн зүгээс баримталж байгаа юм.

Авто замын цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-Улаанбаатар хотын авто замын арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 15 байгууллага хариуцан ажилладаг байна. УБЗАА-ны зүгээс эдгээр байгууллагын уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг хүлээдэг. Авто замын цэвэрлэгээг өдөр тутамд хийж гүйцэтгэдэг. Усалгаат цэвэрлэгээнд тусгай зориулалтын шүүрт машин ашигладаг. Шүүрт машин нийслэлийн хэмжээнд 42 бий. Цаашид гараар цэвэрлэх үйлчилгээг машинтай цэвэрлэгээнд шилжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 28 шүүрт машиныг хатуу хучилттай замын цэвэрлэгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа.

-Машинаар цэвэрлэхдээ хоёр машин ар араасаа дагалдаж явдаг нь ямар учиртай вэ?

-Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулах үүднээс хоёр машиныг ар араас нь явуулдаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбай. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг.

-Авто замын цэвэрлэгээг үүрээр голчлон хийдэг нь замын ачаалалтай холбоотой юу?

-Тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн сийрэг, замын ачаалал бага байх үед цэвэрлэгээ хийх болон хог тээвэрлэдэг онцлогтой. Цэвэрлэгээ үйлчилгээ үүрээр 04:00 цагаас эхэлдэг. Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас ажлаа эхэлдэг. Өнөөдрийн тухайд шүүрт машинууд хотын алслагдсан дүүргийн тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замд ажиллаж байгаа гэлээ.


Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг
2022-08-09 10:50:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0