Бямба, 2024-11-23
Хүчирхийллийг “хамгаалагч” нь эрх мэдэл

Олныг түгшээсэн хэргийн тоо баримт харахаараа гэнэт ухаан орсон мэт цочдог. Хачир дээрээ төрийн байгууллагууд нь дорвитой ажилладаггүй. Хэргийн үнэн мөнийг олох учиртай хууль хяналтынхан нь хөдөлж өгдөггүй. Хувь хүмүүс нь ч сэрэмжилдэгүй ийм л “чихгүй” нийгэм оршиж байна.
 
Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл. Тэр хэрээрээ хууль хяналтын байгууллагууд шударга байдаг бол шуурхай, үнэн зөвөөр шийдэгдэх ёстой, хамгийн нуугдмал, тэр бүр ил болдоггүй хэргүүдийн нэг нь бэлгийн хүчирхийлэл. Бөөн эрсдэл үүрч айдсаа даван туулж байж нийгэмд ил болдог байтал эрх мэдэл, хөрөнгө мөнгө, танил талын өмнө хүчгүйдэж замхрах нь цөөнгүй.
 
Хүчирхийлэлтэй холбоотой зарим тоо мэдээллийг дурдвал цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд 950 гаруй хэрэг бүртгэгдсэн гэж үзвэл ойролцоогоор өдөрт нэг бэлгийн хүчирхийлэл бүртгэгдэж буйг хуулийнхан хэлж байна. Хохирогчдын 80 хувь нь 10-29 насны охид, залуу эмэгтэйчүүд, 47 хувь нь 8-17 насны охид байгаа гэсэн баримт бий. Гэвч энэ тоон мэдээ бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Ихэнх тохиолдолд хохирогчид хууль хяналтын байгууллагад ханддаггүй. Хандсан ч хэрэгсэхгүй болж, өргөдлөө татах, гомдолгүй, тохиролцсон зэргээр орхигдож иржээ. Шалгасан хэргүүдийн бараг тал хувийг нь л шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдээгээр бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн улмаас шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 45.6 хувь нь 0-19 насныхан байгаа юм. Үүнээс харвал хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм. Мэдэгдэж байгаа нь энэ боловч хэрэгсэхгүй болсон, буцсан, нуугдмал, тусламж авч чадахгүй байгааг тооцож, мэдэх аргагүй.
 
Охид, эмэгтэйчүүдийг хохироосон, хүчирхийлсэн хэрэгт өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон, хууль шүүхийн байгууллагад шалгагдсан тохиолдол цөөнгүй. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн ч бий. Улс төрийн албан тушаалтнууд дундаас хүчингийн хэрэг нь илэрч, шийдэгдсэн нь Д.Гантулга болохоос биш ил, далд албан бусаар яригддаг нь ганцаар тогтохгүй.
 
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга удаа дараа хүчингийн хэрэгт холбогдож жил дамнан  шалгагдсаны эцэст шүүхээс хоёр жилийн ял оноосон. Энэ хугацаанд гишүүний халдашгүй эрхээрээ халхавчилж хугацаа хожсон асуудал ч гарчээ. Д.Гантулгын хохирогч Ч.Наранзаяагийн өмгөөлөгчөөр ажилласан Э.Хашчулуун манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энгийн иргэн, гишүүн хоёрыг шалгах тэнгэр газар шиг ялгаатай. Энгийн иргэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаас үндэслэлгүйгээр татгалз­сан, зайлсхийж зугтаасан бол цагдан хорьдог. УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр цагдан хорих боломж байгаагүй. Хэргийн материалтай танилцах явцад АТГ-аас байцаагчид удаа дараа хандаж өөртэй нь болон туслахтай нь холбогдож байсан. Томилолттой гэсэн тогтоол УИХ-ын даргаас ирнэ, туслах нь Улаанбаатарт байгаагүй гэх зэргээр нэлээдгүй сунжирсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцах мэдэгдлийг 18 удаа хүргүүлсэн. Харин гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсаны дараа тогтоолтой танилцаж хэрэг нь шүүхэд шилжсэн.
 
Хэрэг биш болгож харагдуулах гэж найз нөхдөөс нь мэдээлэл авах, өмнө нь Д.Гантулгатай уулздаг, таньдаг байсан мэтээр сошиалаар олон янзын мэдээлэл гарсан. Хэрэг шалгах явцад энэ бүх үйлдэл нь бодит нөхцөл байдалд болоогүй юм гэдгийг нотолсон” гэж ярьсан юм.
 
Улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой сөхөгдсөн бас нэг хэргийн эзэн бол УИХ-ын гишүүн Д.Мурат. Түүнийг хувийн цахим сүлжээгээр эрхтэнийхээ зургийг явуулсан, биед нь халдаж гэмтээсэн  хэмээн хохирогч Д.Бахытгүл гомдол гаргасан байдаг. Харин Д.Муратыг хууль шүүхийн шатанд шалгасны эцэст хэрэгсэхгүй болгосон. Гэвч тухайн үед хохирогч Д.Бахытгүл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль хяналтынхан мөнгө, эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэж мэдэгдэж байв.
 
Охид, бүсгүйчүүд амиа алдсан хэргийн ард ч хэн нэгэн эрх, мэдэлтэй мөнгөтэй хүмүүс яригддаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай эмэгтэй унаж нас барсан хэрэгт ОБ капитал компанийн захирлын хүүг буруутган талийгаач охины найзууд хуулийн байгууллага шударгаар шийдвэрлэхийг шаардаж байв. Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гурван жилийн өмнө гарч байв. Хэрэг хоёр жил гаруй сунжирсны эцэст өнгөрсөн оны хавар шийдэгдэж хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон юм. Хэргийг будлиантуулж 13 настай охиныг  архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр ойлголт өгч байгаад гомдолтой буйгаа ар гэрийнхэн нь хэлж, иргэний нийгмийн байгууллагууд ч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн  18 настай охин төрсөн өдөр тэмдэглэх үеэрээ хүчирхийлүүлсэн. Баячуудын хүүхдүүд хэрхэн зугаацдаг талаарх ноцтой мэдээллийг цахим хаягаараа  дамжуулан live хийсэн ч  цагдаагийн байгууллагаас нотлох баримт хангалттай бус хэмээн үзэж хэргийг хаасан удаатай.
 
“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт байрлах KH apartment хотхоноос унаж нас барсан хэрэг 2018 онд гарсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хууль шүүхийн байгууллагууд гадны нөлөөгүй, амиа хорлосон гэж үзэж хэргийг хаах шийдвэр гаргасан ч ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан хэмээж байгаа юм. Тэгвэл үнэн нь тодрохгүй гурав дахь онтойгоо золгож байгаа загвар өмсөгч бүсгүйн хэргийг дахин сэргээн шалгахаар боллоо. Мөрдөн байцаах ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлжээ. Энэ мэтээр охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, амь насаар нь хохироосон хэргийн цаана мөнгө, эрх мэдэл байна гэж олон нийт харддаг нь ил болсон. Хэрэг шударгаар шийдэгдэх нь бүү хэл хүчирхийллийг өөгшүүлж, хамгаалагч нь эрх мэдэл гэж шүүмжилдэг. Ил цагаан яригддаг хэргүүд хэдэн он дамнаж байгаа ч замхардаг байдал газар авч, хүчирхийллийн хэрэг хуулийн өмнө хүчин мөхөсдөж байна.
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүчирхийллийг “хамгаалагч” нь эрх мэдэл
2020-01-23 09:40:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0