Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эрчим Хүчний Яамнаас мэдээлэл өгөв. Цахилгаан станцын барилга угсралтын ажил энэ оны долдугаар сард эхэлжээ.
Тэдний мэдээлснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300МВт-ын хүчин чадал бүхий уг цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны аравдугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэжээ.
Цахилгаан станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Sinosteel Equipment and Engineering компани ажиллаж байгаа аж.
"Одоогийн байдлаар үндсэн барилгуудын суурийн ажлууд болон дагалдах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Харин үндсэн барилгын төмөр хийцийн барилга угсралтыг 2023 онд эхлүүлэх төдийгүй тоног төхөөрөмжийн захиалгыг хийсэн.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг давуу талтай" гэв.
Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Мөн ирэх онд Багануур дүүрэг хүртэлх 71 километр цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ыг өөрийн хөрөнгөөр хийж дуусган “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм байна.
2015 онд Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар БНХАУ-ын Далиан хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Зуны Чуулга уулзалтад оролцох үеэрээ “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт Цахилгаан Станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурж байжээ.
300МВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулна гэв |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27