Даваа, 2024-11-25
Эрүүгийн хэргийн шүүгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болох байв.

Тус хурлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг хэргийн оролцогч болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх байсан.

Гэвч Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Дээд шүүхэд хандсан асуудал тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна.

Тэрээр Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулав.

Холбогдох хуулиуд:

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

114 дүгээр зүйл.Хяналтын тогтоолд гомдол гаргах
114.1.Хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болно.
115 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан
115.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан хяналтын тогтоолыг зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
115.1.1.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг энэ хуулийн 110.3, 110.4, 110.6-д заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон;
115.1.2.энэ хуулийн 102.1-д заасан эрхийг эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон.

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

65 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
65.1.6.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн

 


Эрүүгийн хэргийн шүүгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ
2022-10-18 08:58:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0