Даваа, 2024-11-25
Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх “eBARILGA” цахим системийг нэвтрүүллээ

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад орууллаа.

 

Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээлэл, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын болон нийслэлийн орон зайн мэдээ, мэдээлэл авах боломжтой.

 

 

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний хүсэлтийг илгээж, шийдвэрлэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрджээ. Харин “eBARILGA” гар утасны аппликейшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн боловсруулж буй төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, санал, хүсэлтээ илгээж болно.

 

Вэб, аппликейшн хосолсон тус “eBARILGA” цахим системийн талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярихдаа, “Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамгийн их хүсэлт ирүүлдэг 8 төрлийн үйлчилгээг www.E-Mongolia.mn порталаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа. Энэ онд 9000 орчим хүсэлт хүлээн авч, шийдвэрлэснээс 23.1 хувийг нь цахимаар хүлээн авсан. Энэ систем нэвтрүүлснээр мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэхээс гадна тэдний гомдол, хүсэлтийг яаралтай шийдэх боломжтой. Цаашид барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох ажлыг цахимжуулна. Иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдэх, мөн зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулснаар иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар болгоно” хэмээв.

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга  А.Амарсанаа системийг танилцуулахдаа “Энэ систем нь улс, нийслэлд хэрэгжиж буй цахим хөтөлбөрүүдтэй уялддаг. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системээр www.ebarilga.ub.gov.mn порталд нэвтэрч, өөрийн эзэмшлийн газар дээрх барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой. Мөн оршин суудаг газрынхаа төлөвлөлт, барих барилга зэргийг  ч харж болно. Аппликейшний хувьд “ХУР”, “ДАН” системээр нэвтэрч өргөдөл, санал гомдлоо хүргүүлэх, хот төлөвлөлт, барилгатай холбоотой зөрчлийг мэдээлэх боломжтой”-г онцоллоо.


Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх “eBARILGA” цахим системийг нэвтрүүллээ
2022-12-16 14:56:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0