Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Энэ 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 318 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээлсэн.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н. Сугараас тодруулахад, "Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад орж байсан. Үүнээс өнгөрсөн долоо хоногт 62 автобус ирсэн байдаг. Энэ долоо хоногт 55 автобус нэмэгдэн ирж нийт 117 автобус парк шинэчлэлтээр ирээд байна. Парк шинэчлэлтээр ирж буй автобусыг өөрийн улсын цаг агаарын онцлогт тохируулан захиалгаар хийлгэж байгаа. Автобусны үнэ 223.5 сая төгрөг. Эдгээр ирж буй автобуснууд бүгд дизель хөдөлгүүрээр явна. Нэг автобус 29 суудалтай. Босоо болон суугаад 70 хүн зорчих боломжтой. Үлдсэн 97 автобусыг хоёрдугаар сарын дундуур багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа" гэсэн юм.
Ирсэн автобуснууд хэрхэн үйлчилгээнд явах талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодруулахад, Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад орж байсан 100 автобус бүгд ирж эхнээсээ үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинээр ирсэн эхний 30 автобусыг /2023.01.16/-нд даваа гаригт үйлчилгээнд гаргасан бол өнөөдөр /2023.01.19/-нд нэмэлтээр 30 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Энэ долоо хоногт 55 ирж нийт парк шинэчлэлтээр 117 автобус ирээд байна. Үүнээс 30 автобус нь энэ бямба гаригт үйлчилгээнд гарна. Харин үлдсэн 27 автобусыг ирэх даваа гаригт үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Эдгээр парк шинэчлэлтийн хүрээнд ирсэн автобуснууд ачаалал ихтэй зургаан чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. Харин нийтийн тээвэрт явж байгаа насжилт өндөртэй зарим автобусыг хасах журмаар явна. Ирсэн автобусны тоогоор насжилт өндөр автобусыг хална гэх ойлголт байхгүй. Цаашлаад үлдсэн автобуснууд үе шаттайгаар автобуснууд орж ирнэ” гэлээ.
Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийн хувьд:
- 2022 онд үйлдвэрлэгдсэн
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай аж.