Бямба, 2024-11-23
Ц.Мөнхбаатар: Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нь авч нөөцлөх шаардлагагүй

НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, "Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04.00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн иргэд, ААН, байгууллагууддаа захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг уриалж байна" гэдгийг онцоллоо. 
 
Хэвлэлийн хурлын дараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариул өгсөн юм.
 
-Зарим сургууль цэцэрлэгүүд ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
 
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нэг ч сургууль цэцэрлэг байхгүй.
 
-Захирамж зөрчиж ажилласан тохиолдолд ямар арга хэмжээ тооцдог юм бэ?
 
-Зөрчлийн тухай хуулинд захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөгөөр, ААН, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох тухай хариуцлагын заалт суусан байдаг.  Өөрөөр хэлбэл, захирамж зөрчсөн иргэн ААН, албан тушаалтанд хариуцлага тооцох эрх нь нээлттэй байгаа. Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна.
 
-Томоохон зах худалдааны төвүүдийг хаах тухай асуудал яригдаж байгаа юу?
 
-Одоогоор томоохон зах худалдааны төвүүдийг хаах тухай шийдвэр гараагүй. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нь авч нөөцлөх шаардлагагүй.
 
-Архины хамааралтай орон гэргүй, гудамжны 100 гаран хүнийг Буянт ухаа 2 хорооллын подвальд байлгах гэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
 
-Орон гэргүй иргэдийг Буянт ухаа 2 хорооллын подвальд байлгах тухай ямар ч захирамж гараагүй. Гарахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Ц.Мөнхбаатар: Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нь авч нөөцлөх шаардлагагүй
2020-01-29 11:32:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0