Ням, 2024-11-24
Малд хэрэглэдэг кодыг машин дээр наах уу?

Сүүлийн үед үхэр ээмэгжүүлэх, машины гэрчилгээ наах зэргээр төрөөс санаачилж буй ажлууд иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Малд болон машинд чип суулгахад тус бүр 13 тэрбум төгрөгийг зарцуулна. Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хямарч байхад төр засаг нь хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгө гаргах тухай ярьсаар.  Тиймээс энэ удаа автомашин дээр наах tag /шошго/-ны асуудлыг хөндлөө.

Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажлыг ирэх сард эхлүүлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.  Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас одоогоор 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байгаа юм.

Тодруулбал, НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан гэдгийг албаныхан онцолж буй.

Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID  tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах болоцоог бий болгох эрсдэлтэй гэдгийг сануулж байна.

Үүний оронд энгийн хувь хүний нууцлалыг хамгаалсан ролин кодыг нэвтрүүлэх боломжтой. Ролин код нь бас машины шилэн дээр наасан кодыг уншина. Гэхдээ тэр код нь А цэгээс В цэг хүрэх хооронд тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр тухайн иргэнийг хаана явна гэдгийг мөрдөх ямар ч боломжгүй болно. Үүнд гарц шийдэл байгаа. Албаныхан хариуцлагагүй хандаж байна гэдэг байрыг суурийг илэрхийлж байгаа юм.

"RFID НЬ ДЭЛХИЙД ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН ХОЦРОГДСОН ТЕХНОЛОГИ"

Мэдээллийн аюулгүй байдлын судлаач, “Санчир Тек” ХХК-ийн захирал Д.БАТ-ӨЛЗИЙ:

-Ер нь Монголд автомашиныг цахимаар бүртгэлжүүлэх шаардлага байгаа. Харин ч бид энэ ажлыг оройтож хийж байна. Улаанбаатар хот нэг сая орчим автомашинтай. Тэр болгоныг хэдхэн цагдаа бүртгэлжүүлж чадахгүй шүү дээ. Тэр утгаараа нэн тэргүүнд хийх ёстой ажил мөн. Албаныхан нэг өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гуравдугаар сарын 1-нээс автомашины гэрчилгээг цахим болгоно гэсэн.

Ингэхийн тулд 160 цэг дээр уншигч төхөөрөмж суурилуулж, RFID  наалтыг иргэдийн автомашинд наах юм байна.

Миний бие мэдээллийн аюулгүй байдлын судлаач хүн. Цахим системд нэвтрүүлэх гэж буй RFID нь дэлхийн улс орнуудад олон жилийн өмнө хэрэглэгдэж байсан хоцрогдсон технологи. Хэрэглээнээсээ хамаараад олон давуу талтай хэдий ч автомашины бүртгэлд маш олон сул талтай. Нэн тэргүүнд хувь хүний нууцлалын асуудал сөхөгдөнө. Энэ цахим системийн кодыг ашиглаж, иргэдийг тагнах, мөрдөх, төрөл бүрийн луйвар, хүний эрхий зөрчил гаргахгүй байх ёстой. Дэлхийн улс орнуудад мэдээллийн технологийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ нэн тэргүүн хувь хүний нууцлалын асуудлыг анхаарч үздэг. Бусад технологийн асуудал сонин биш байдаг.

Тиймээс Монголд нэвтрүүлэх гэж буй технологи энэ асуудлыг хангаж чадаагүй. Мал дээр хэрэглэдэг кодыг машинд суурилуулах гэж байна.

Жишээлбэл, RFID кодыг үхрийг бүртгэлжүүлэхэд хэрэглэдэг. Үхрийн духан дээр машины улсын дугаар байдаггүй. Чихэнд нь зүүсэн кодыг уншуулсан ч хэний үхэр гэдгийг нь мэдэх боломжгүй. Гэтэл машин дээр суурилуулахад улсын дугаар, жолооч нь хэн бэ гэдэг нь харагдана. Дурын уншигчийн зах зээлээс тухайн иргэний кодыг уншиж авч болдог талаар сануулж хэлсэн юм.

МАШИНД НААХ TAG НИЙЛҮҮЛЭХ КОМПАНИЙГ ИРЭХ САРД ШАЛГАРУУЛНА

Цахим системд шилжсэнээр зарим жолооч нар автомашины дугаараа сольж явах, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, улсын дугааргүй машин унах зөрчлийг арилгана гэдгийг албаныхан хэлж буй. Долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалттай байдаг 126 мянган машин байдаг. Эдгээр машины ердөө 30 хувь нь хязгаарлалтад орж, 70 хувь нь 20 мянган төгрөгийн торгуулиа төлж, хөдөлгөөнд оролцдог байна.

Мэдээж энэ нь хотын түгжрэлд хувь "нэмэртэй".

Улаанбаатарт өдөрт 1.6 сая иргэн машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Ойролцоогоор 450-550 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож буй. Нийслэлд эхний ээлжид 161 байршилд нэг сая автомашиныг үнэ төлбөргүй  таагжуулах ажлыг зохион байгуулна.

Тиймээс Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга сайд Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хамтарсан тушаалаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичиг С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Мөн сонгон шалгаруулалтын дэд ажлын хэсэг гарч, машинд наах tag нийлүүлэх компанийг ирэх сард шалгаруулах аж.

Tag, уншигч төхөөрөмж нь нэг стандартынх байх учраас заавал нэг компани, брэнд шалгарна гэх зүйлгүй гэдгийг мэргэжилтэн хэлж байв.

"ЕРӨНХИЙДӨӨ 13 ТЭРБУМ ТӨГРӨГ МАШ ИХ ТАНАСАН ТӨСӨВ"

Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГ:

-Улаанбаатар хотын хэмжээнд “Зам тээврийн үндсэн системийн тогтолцоо” гэдэг төслийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ өнөөдөр гэнэт хийх гэж буй ажил биш. Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг дарга, бусад бүх төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Хувь хүний нууцлалын асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байгаа. Манай газраас энэ технологийн хүнд ээлтэй, аюулгүй байх тал дээр судалгааг хийсэн. Жишээлбэл, АНУ, Сингапур улсад энэ технологи 20 жил, Японд 40 жилийн өмнө нэвтрүүлж, одоо ч ашиглаж байна.

Энэ цахим системийг хэрэгжүүлэхэд түгжрэлийг бууруулна гэдэг нь тогтоогдож, судалгааны тайлан нь гарсан. Энэ цахим технологи нь хувь хүнтэй ямар ч хамаагүй.

Машинд нь ямар нэгэн дамжуулах төхөөрөмж суурилуулахгүй. Тухайн иргэний тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг л наана. Хуучин цаасан гэрчилгээ шалгаж, камераар машиныг бүртгэдэг байсан. Та бүхний торгуулийн хуудсан дээр жолоочийн мэдээлэл зурагтайгаа очдог. Энэ бол шинэ асуудал биш. Тэр машин хаагуур явсан бэ гэдгийг тодорхой хэмжээний нууцлалтайгаар бүртгэн авч, иргэдэд боловсруулж өгөх юм. Хувь хүний нууцлалыг маш сайн хангасан. Иргэн А цэгээс В цэгт очиход тэр машиныг хэн нэгэн хүн, төрийн байгууллага тагнаж, чагнах ямар ч боломжгүй. Дэлхийн платформ дээр туршилт хийсэн учраас 100 хувь баталгаатай. Өнөөдрийн байдлаар автомашины цаасан гэрчилгээний үнэ 14.200 төгрөг. Нэгдүгээрт, одоогийн цаасан гэрчилгээний үнээс хэтрүүлэхгүй, дахин төсвөөс мөнгө гаргуулах байх үүргийг өгсөн. Ерөнхийдөө маш их танасан төсөв.

Цахим системийг нэвтрүүлэх програм хангамжийн компанийн хувьд тендер зохион байгуулалт тодорхой болсон ажлын хэсэг дээр ажиллаж байгаа.  Tender.gov.mn болон бусад холбогдох хууль журмын дагуу зарлагдахаар нэг компани байх уу, хоёр гурван компани хамтарч орж ирэх үү гэдэг нь гэрээ хэлцэл байгуулж, ирэх сарын 1-нээс тодорхой болно гэв.

27 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ НЭГЖИЙГ 1.7 ТЭРБУМААР БАЙГУУЛЖЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгаснаар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх заалтын дагуу Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоолоор нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны бүтэц бүрэлдэхүүн, орон тоог шинэчлэн батлахад энэ нэгжийг байгуулахыг хотын даргад үүрэг болгосон. Ингээд ИТХ-ын 2021 оны 180 дугаар тогтоолоор төсөл хэрэгжүүлэх нэгжийг 1.7 тэрбум төгрөгөөр байгуулжээ.

Энэ нэгж нь 27 хүний бүрэлдэхүүнтэй. Товчхондоо хотын түгжрэлтэй холбоотой бүх төсөл хөтөлбөр, мөнгө санхүү, гадаадын зээл тусламжийг шууд хэрэгжүүлдэг байгууллага. Одоогоор автозамын нүхэн гарц, дүүжин тээвэр, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хариуцаж буй.

Бүр тодруулбал, нийслэл, улсын төсөв дээрх түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төлөвлөлтийг бусад харьяа агентлагуудаас авч, гүйцэтгэлийг тооцрщох, түгжрэлтэй холбоотой хууль эрх зүйн  нэмэлт өөрчлөлт, тусгайлсан хуулийг санаачлах гэнэ. Өөрөөр хэлбэл, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны үндсэн үүргийг гүйцэтгэдэг аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын захирал Ч.БАТЗОРИГ:

-Автозамын түгжрэлийг бууруулах дөрвөн бүлэгт томоохон зорилтот арга хэмжээний хүрээнд хийж буй нэг ажил. Зам тээврийн хөдөлгөөний зохицуулалт, удирдлага зохион байгуулалтыг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлэх гэсэн бүлэг бий. Энэ ажлын хүрээнд автомашины цаасан гэрчилгээг таагжуулж, RFID уншигч буюу радио давтамжийн сүлжээг ашиглаж, уншуулах юм. Ер нь  оноос энэ ажил эхэлсэн. Өнгөрсөн  2021 онд эхний уншигчдуудыг зургаан байршилд туршиж, хотод 3-4 удаа явуулсан. Дараа нь бас найман товчоод дээр туршсан. Туршилтын зорилго нь тээврийн хэрэгслүүдийн зорчилтыг зохион байгуулж, төлбөр тооцоог нь цахимжуулах, зөрчлүүдийг хянана. Зөвхөн тааг суурилуулах ажил нь нийт 22.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүн дотроо тааг суурилуулах, камержуулах, машины хөдөлгөөн удирдлагын зохион байгуулалтын систем нэвтрүүлэх нь тусдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг барих ажил гээд тус тусдаа багц ажлыг хийнэ.

Одоогийн мөрдөгдөж буй хуулиараа хувь хүний нууцтай холбоотой ямар нэг асуудал хөндөгдөхгүй. Өөрөөр хэлбэл бид авто зогсоол руу орохдоо тааг уншуулж ордог. Яг тэр систем шиг гэсэн үг.

Тухайн тээврийн хэрэгслийн зорчилтын бүртгэлийг хийхээс биш жолоочтой ямар ч холбоогүй. Бүр тодорхой тайлбарлавал, тээврийн хэрэгслийн нягтрал, хөдөлгөөн хаана их байгааг олон нийт харах боломжтой болох юм. А цэгээс В цэгт байгаа уулзвараар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зорчилтыг бүртгэхээс биш тэр машин хаана явж байгааг харах боломжгүй. Жолооч, утасны дугаарыг нарийн харуулахгүй. Энэ систем нь олон улсын гэрээ конвенцид нэгдсэн, нийтлэг үйлчилдэг, автомашины хөдөлгөөний зорчилтыг бүртгэх систем. Харин мал, бараа бүтээгдэхүүн дээр тавьдаг шошго биш. Үндсэн зарчим нь нэг ч тэс өөр мэдээлэлтэй. Хувь хүний нууцлалын хувьд өмнө нь хэд хэдэн удаа туршилт хийж үзсэн, ямар нэгэн эрсдэлгүй. Өндөр түвшний мэдээлэл агуулаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байдаг үндсэн мэдээллүүд байна. Үүн дээр төлбөр тооцоотой холбоотой мэдээллүүд дэлгэрэнгүйгээр нэмэгдэх юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ


Малд хэрэглэдэг кодыг машин дээр наах уу?
2023-02-13 11:53:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0