Ням, 2024-11-24
АНУ руу шууд нислэг хийх, тийзийн үнэ 500 доллараар хямдрах боломж нээгдэнэ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган өндөрлөчихсөн энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар таны хувьд ямар хуулийн төслүүдэд голлож анхаарч ажилласан бэ?

-Чуулганы завсарлагаар Зам тээврийн хөгжлийн салбарт энэ онд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг чамбайруулах, оны эхнээс хэрэгжилт гүйцэтгэлд нь хяналт тавих гээд ажил чамгүй их байна. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжүүлсэн. Энэ хуулийг батлах нь цаг үеийн шаардлага. Зөвхөн өнгөрөгч онд л гэхэд манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт 2.964 км болж 40 хувиар нэмэгдсэн. Урьд нь УБТЗ гэсэн ганц гол төмөр замтай байсан бол өнөөдөр Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам ашиглалтад ороод байна.

Монгол Улс маань төмөр замаар тээвэр хийх экспортын гурван ч гарцтай болчихлоо. Ийм нөхцөлд Төмөр замын тухай хуулийг шинэчлэн баталж төмөр замын тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй ажиллагааг нэг гарт төвлөрүүлэн, нэгдсэн удирдлагаар хангах нь маш чухал. Тэгэхээр энэ хуулийг төмөр замын салбарын хөгжлийн эцэг хууль гэж ойлгож болно.

-Төмөр замын асуудлыг хойшоо ярина аа. Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хөндөж байна. Бүр шинэ Үндсэн хууль батлах боловсруулах тухай маргалдаад амжлаа. Энэ асуудалд та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Гүйцэтгэх засаглал тогтвортой байх, Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хуулийн хийгээд ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцдог байх гээд зарчмын гол өөрчлөлтүүдийг энэ үед хийж чадсан. Батлагдаад 31 жил болж буй Монгол Улсын шинэ Үндсэн хуульд дахиад ч засаж сайжруулах зүйл байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ асуудалд хөнгөн хандаж хэрхэвч болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийж байна гээд өмнөхөө дордуулж болохгүй гэдгийг ч Үндсэн хууль тогтоогчид маань байнга хэлж сануулдаг. Тийм болохоор асуудалд долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандах ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдөр үнэхээр зайлшгүй юу, ийм өөрчлөлт хийснээр засаглал, сонгуулийн тогтолцоонд ямар дэвшил авчрах вэ гэдгийг сайтар тунгаах ёстой болов уу. Парламентын ардчилал, УИХ-ын нэр хүнд, иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээрээс эхлүүлэх, сонгууль хийхдээ иргэдийн саналыг гээхгүй байж төлөөллийг бүрэн хангах гээд асуудлууд бий юу гэвэл бий. Гэхдээ энэ бүхнийг хийх ёстой гэж хэт хөөсөрч, асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Суурь хуулиараа хамаагүй оролдох нь улс төрийн орчинд ”газар хөдлөлт” үүсгэх эрсдэл дагуулахаас сэргийлж, тун хянамгай няхуур хандах ёстой.

-Ирэх хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд өргөн барихаар төлөвлөж байна вэ?

-Зам тээврийн сайдын хувьд Иргэний нисэхийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна. Мөн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ч УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна гэсэн төлөвлөгөө байна. Эрх зүйн орчин нь цаг үеийнхээ шаардлагад бүрэн нийцсэн, хийдэлгүй зөв байж гэмээнэ салбарын хөгжилд хэрэгтэй. Зам тээврийн салбар бол яах аргагүй эдийн засгийн цусны эргэлтийг хэвийн байлгах “судас”-ны үүрэг гүйцэтгэж буй. Тиймээс энэ “судас” эрүүл, бөглөрөл нарийсалгүй, бас олон байж улс орны хөгжилд ач холбогдолтой.

Мөн эдгээр хуулиас гадна 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлж Ард түмний санал асуулгын тухай хуулийг өөрчлөх ёстой.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой, түүнд халдсан ямар ч санал асуулга байж болохгүй. Өвөг дээдсийнхээ цусаараа дархалсан тусгаар тогтнолыг Үндсэн хуулиараа улам бататгаж, түүнийг дагасан Ард нийтийн санал асуулган хуулиараа аргамжааг нь бөхлөх нь хууль тогтоогчдын үүрэг гэж би үзэж байгаа.

-УИХ-аас Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод өгсөн. Энэхүү хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ. Үнэхээр манай улсад эдийн засгийн бодит үр өгөөж авчрах төсөл үү. Нөгөөтэйгүүр энэхүү хуулийн төслөөр бол Монголдоо казино байгуулсан ч монголчууд өөрсдөө орж болохгүй байхаар зохицуулагдаж байгаа юм билээ. Яагаад бид орж болохгүй юм бэ. Үүнд та гишүүнийхээ хувиар ямар байр суурьтай байгаа вэ?

-Тун сонирхолтой асуулт байна. Казиногийн хуультай болохыг бол дэмжиж байгаа. Өнөөдөр хуулийн зохицуулалт байхгүйгээс цахим тоглоомд донтогсод, казино гэх нэргүй л болохоос нууц мөрийтэй тоглоомын газрууд газар авсаар л байна. Харин Монголд казино байгуулагдлаа гэхэд тэрэнд монгол хүн орохыг би л хувьдаа дэмжихгүй. Мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс хамаг амьдралаа үрэн таран хийж, өр зээлд баригдсан гашуун түүх олон бий шүү дээ. Монгол хүний эрхийг хязгаарлах гэлээ, боомилох гэлээ гээд асуудалд шүүмжлэлтэй хандагсад бий л байх.

Гэхдээ амьдралаа та үрэн таран хийх эрхтэй, та хөлөөрөө толгой хийх эрхтэй гээд бүхнийг дур зоргоор нь тавиад байвал юу болох бол. Мөрийтэй тоглоомд донтсон ухвар мөчид нэг нөхрөөс болж ар гэр, эхнэр хүүхдийнх нь амьдрал сүйрч, эрх нь зөрчигдөхийг хуулиар зөвшөөрч болно гэж үү. Тийм болохоор миний байр суурь тодорхой. Казино Монголд эдийн засгийн ашиг орлого нэмэгдүүлэх, зорилтот аялал жуулчлалыг хөгжүүлэх талаасаа хэрэгтэй байж магад. Гэхдээ зөвхөн ашиг орлого гэдэг талаас нь хараад дунд нь монгол хүнийхээ амьдрал, үнэт зүйлийг хавханд хийж таарахгүй. Ер нь сураг сонсоод байхад гадны казинод тоглосон гэх нөхдүүд авсанаасаа алдсан нь хавь их байдаг юм биш үү дээ.

-Та сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил хэрэгжүүлж ажилласан бэ. Бодлогын болоод эдийн засгийн ач холбогдолтой голлох хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товчхон дурдахгүй юу?

-Зам тээвэр бол Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн “лугших судас” нь болсон чухал салбар гэж би түрүүн хэлсэн. Тэр ч утгаараа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь манай салбарт хамаардаг. Өнгөрсөн онд 483 км автозам, 500 метр гүүр ашиглалтад оруулсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын нийт урт 7.833 км болоод байна. Монгол Улсыг урд хойд хөрш, Ази Европтой холбосон авто замын хоёр дахь коридор нээгдлээ. Баруун босоо тэнхлэгийн АН-4 745 км авто зам ийнхүү бүрэн ашиглалтад орсноор манай улс Азийн авто замын сүлжээнд холбогдсон хоёр коридортой болж транзит тээвэр эхлээд байна. Одоогоор өдөрт 10 гаруй машин транзит тээвэр хийж байгаа ч цаашид энэ тоо хэдэн зуугаар нэмэгдэх нь гарцаагүй. Арвайхээр Хүйтний хөндийн 57 км авто замын их засварын ажлыг хийснээр өнөөдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн таван аймгийн иргэд маань тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдээд байгаа. “Slur­ry sealer”, “Chipseal” гэсэн шинэ технологийн техникээр авто замын гадаргуун боловсруулалтын ажлыг анх удаа туршиж, авто замын засварт хучилтын эвдрэлийг зогсоох, сааруулах боломжтой шинэ технологи нэвтрүүллээ.

Автотээврээр 2022 онд 31 сая тонн ачаа тээвэрлэлээ. Жолооч тээвэрчдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, экспортын нүүрс тээврийн жишиг тарифыг нэмэгдүүллээ. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимаар авдаг болгож, экспортын тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь зохион байгуулдаг болгон хэвшүүллээ.

Монгол Улс 2022 онд шинээр 13 агаарын хөлөг хүлээн авч нийт 51 агаарын хөлөгтэй боллоо. Үндэсний агаарын тээвэрлэгчид маань 23 улс орны 49 байршилд давхацсан байдлаар 100 чиглэлд нислэг үйлдэх боломжтой боллоо. Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд нийт долоо хоногт 34 удаа нисэх, МИАТ компани Туркиш эйрлайнс компанитай “code-share” буюу аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулснаар Европ, хойд Америк, ойрхи дорнодын 16 чиглэлд хямд тарифаар хурдан шуурхай шууд нисэх боломж бүрдлээ. Монгол Улс БНСУ-ын хооронд долоо хоногт 70 хүртэл нислэг үйлдэх, Монгол Японы хооронд долоо хоногт 62 удаагийн нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ жил бид агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийсэн. Энэ нь өнгөрөгч жилийнхээс зорчигчийн тоо бараг хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид Монголд зочлох жилийн бэлтгэлийг үндсэндээ бүрэн хангаад байна.

-Мэдээж Төмөр замын асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Тэр утгаараа энэ салбарын авлигын асуудлыг хэрхэн хазаарлахаар байна вэ. Нөгөөтэйгүүр үүрэг, хариуцлагын талаасаа та сайдын хувьд ямар чиглэл барьж ажиллаж байна?

-Төмөр зам дагасан авлигын асуудал ерөөсөө үйл ажиллагаа нь нууц, далд, ойлгомжгүй байдлаас л үүдэлтэй. Тиймээс сайдын ажлаа авсан өдрөөсөө л эхлэн ачаа тээврийн үйлчилгээгээ ил тод, цахим, нээлттэй болго гэсэн шаардлага тавьж ирсэн. Ачаа тээврийн үйлчилгээний цахим системтэй болгосон. Одоо энэ системийг илүү төгөлдөржүүлэх, хэний ямар ачаатай галт тэрэг хаана яваа вэ гэдгийг “RFID” системээр хэн ч олж мэдэж болох тэр нөхцлийг бүрдүүлнэ. Олны нүдэн дээр ил байгаа зүйл дээр хулгай нүүрлэж чадахгүй. Луйвар орогнох, авлига үүрлэх орон зай байхгүй шүү дээ.

Түгжрэлгүй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх нь эн тэргүүний зорилт. Энэ хүрээнд салбарын нэгдсэн флатформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна. Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгана. Салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгоно. Энэ бол бидний тавьсан зорилт. Үүнд хүрэхэд саад болсон хэнбугайд ч хатуу хариуцлага тооцно, салбараас шахан зайлуулна. Энэ бол миний, манай салбарын баримтлах зарчим.

-Төмөр замын цаашдын хөгжлийг бид хэрхэн харах ёстой юм бэ. Манай улс экспортоо нэмэгдүүлж байж эдийн засгаа сэргээж, улам бэхжүүлнэ гэдэг. Тэр утгаараа төмөр замын салбарын хөгжлийг ярихгүйгээр тээврийн асуудлыг зохицуулахгүйгээр экспортын асуудлыг ярих боломжгүй шүү дээ…?

-Яг үнэн. Төмөр зам бол “Хөгжлийн судас”. Тийм болох нь ч цар тахлын үед, хил боомт гацаа түгжээтэй байхад улам ч тод мэдрэгдсэн. Бүх юм хаалттай байхад төмөр замын тээвэр л зогсолгүй улс орноо гал алдахаас хамгаалж байлаа шүү дээ. Бид энэ онд төмөр замаар 35 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.

Хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлнэ. Замын-Үүд-Эрээний хооронд хоногт дунджаар 16 галт тэрэг, болж өгвөл 17 галт тэрэг хүлээлгэн өгнө.

Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян-Сайншанд өртөөг өргөтгөнө. “Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлнэ. Мэдээж энэ маш том зорилт. Гэхдээ зориглоод зүтгэхэд давна гэсэн итгэл бүрэн байна.

-Хил холболтын төмөр замын асуудал ямар түвшинд явагдаж байна вэ. Нөгөөтэйгүүр боомтууд дээр дамжуулан ачих терминалыг хэзээ барих вэ?

-Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын асуудлаар дөнгөж сая Хятадын талтай санамж бичиг байгууллаа. Хоёр талаас хамтарсан Ажлын хэсэг байгуулж хийх ажлын төлөвлөгөөг батлан хурдан ажил эхлүүлэхээр тохирлоо. Ойрын үед гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлана. Аль болох богино хугацаанд энэ чиглэлийн хил холболтын төмөр замыг барьж дуусгана. Нийтдээ хил холболтын төмөр замууд ороод шинээр дөрвөн чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ гээд зорьсон, төлөвлөсөн, заавал хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа. Хил холболтын төмөр замуудаа хамгийн богино хугацаанд, хамгийн хямд зардлаар, хамгийн зөв шийдлээр барьж байгуулах тал дээр ажлаа шуурхайлна даа.

Тяньжины төслийн талаар та тодорхой тайлбарлахгүй юу. Ямар учраас өдийг хүртэл ярих төдий л ажил нь явагдаж байгаа юм бэ?

-Тяньжин төсөл арав гаруй жил яригдаж байгаа ч өнөө хэр ажил болоогүй нь харамсалтай. Гол нь асуудал айлын талаас биш биднээс манай талын санаачилга дутуугаас болж удааширсан юм билээ. Монгол Улсын импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг. Тиймээс одоогоос 19 жилийн өмнө анх яригдаж, 2009 онд санамж бичиг байгуулагдан, улмаар 2013 болон 2019 онд Засгийн газрын тогтоолоор баталгаажсан Тяньжин төслийг гацаанаас гаргаж ажил хэрэг болгохыг нэн түрүүнд чухалчилж байна. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад Тяньжин хотын Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон ч бид үр дүнтэй ашиглаж чадаагүй өдийг хүрсэн. “Тяньжин Порт Групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ асуудлыг хөндаж маш сайн ярилцсан.

Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийн ажлыг энэ онд эхлүүлнэ. Энэ хүрээнд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, тус төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гадаад дотоод компанийг сонгон шалгаруулах ажлыг 2023 оны эхний хагастаа багтаан шийдвэрлэхийг зорьж байна. Уг нь энэ төсөл хэрэгжчихвэл улс хоорондын тээвэр логистикийн сүлжээ талаасаа ч, манай улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа болон зардал багасах талаасаа ч үнэхээр онцгой ач холбогдолтой төсөл байхгүй юу.

-Агаарын тээврийн салбарт ямар бодлого барьж ажиллаж байна. Тийзийн үнэ өндөр байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудал болоод байх шиг байна шүү дээ. Үнийг нь бууруулах, үйлчилгээг нь сайжруулах тал дээр таны бодлого, төлөвлөгөө юу байна вэ?

-Ая тухтай агаарын тээвэр, хямд тийз, хүртээмжтэй нислэг. Энэ бол бидний иргэний нисэхийн салбарт баримталж буй бодлогын товчлол. Агаарын тээврээр энэ онд 20 мянган тонн ачаа тээж, 1.5 сая зорчигч тээвэрлэнэ. Бид аль болох орон нутгийн нислэгийн үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Түүний тулд орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх, навигацийн орлогоос татаас олгох, онгоцны түлшийг Сингапурын биржийн ханшаар авах замаар алслагдсан есөн аймгийн нислэгийг сэргээж, тухайн орон нутгийн иргэд хямд үнээр зорчих, Монголд ирэх гадны жуулчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын агаарын тээвэрлэгч нар олон нислэг үйлдэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Бид орон нутгийн нислэгээр орон нутгийн иргэд нь хямд зорчдог нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн Австрали, Катар, Грек зэрэг 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах төслийг эхлүүлнэ. Орон нутгийн нислэгийг сэргээж, есөн чиглэлд тогтмол нислэгтэй болно. Дотоодын нислэгийн тарифыг 40 хувиар хямдруулна гэсэн том зорилт тавьсан. Түүнчлэн агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, энэ ондоо шинээр том оврын зургаан онгоц оруулж ирнэ. Эхнийх нь ирэх тавдугаар сард МИАТ компани өргөн биетэй том оврын онгоц оруулж ирэх гэрээ хэлцэл нь хийгдэж бэлтгэл ажил нь бүрэн хангагдаад байна.

-Шууд нислэг хийх боломжтой болсон гэлээ. Тэгвэл Америк руу ч гэдэг юм уу алсын зайны шууд нислэг хийх боломж бидэнд бий юу. Энэ чиглэлд ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Байлгүй яахав. Монгол Улсаас АНУ руу шууд нислэгтэй болох боломж ойртсоор л байна. “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож үзэглэснээр АНУ уруу анх удаа шууд нислэгтэй болох боломж бүрдсэн. Энэ оны тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болно. Ингэснээр Монгол Улсын 50 мянга орчим иргэн оршин суудаг АНУ-ын олон хот руу 2024 оноос өмнө шууд нислэг хийх, нислэгийн тийз дунджаар 500 орчим ам доллараар хямдрах, манай үндэсний агаарын тээвэрлэгч нар өсөн дэвжиж 15 сая орчим ам долларын гадаад валют Монголдоо үлдэх таатай боломж нээгдэх юм. Энэ хэрээр үндэсний авиа компаниуд маань ч өсөн дэвжинэ гэж үзэж байгаа.

-Дарханы зам бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй байгаа шүү дээ. Анхны ТЭЗҮ-ээрээ хэдийд ашиглалтад орохоор байна вэ. Замын ажил энэ хавраас дахиад үргэлжлэхээр байгаа юу. Үргэлжлэхээр бол дахиад зам хаах уу?

-Өнгөрөгч онд бид олон жил удааширч иргэдийг бухимдуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Энэ 2023 онд үлдэх нэг урсгал хоёр эгнээ замын барилгын ажлыг дуусгаснаар Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ нэгдүгээр зэрэглэлийн зам бүрэн ашиглалтад орно. Ингэхдээ дахиад зам хааж, иргэдийг бухимдуулахгүй байхаар ажлаа зохион байгуулна гэсэн тооцоотой байгаа.

-Сүүлд нэг зүйл асуухад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ямар түвшинд хэрэгжиж байна вэ. Тухайн газар нутгийн иргэдтэй хэл амаа ололцож чадсан уу. Баруун таван аймгийг эрчим хүчээр хангах энэ том төслийн үйл ажиллагаа хэр идэвхтэй явагдаж байна. Тулгамдаж буй асуудал бий юу?

-Сая би тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзаж явахад Булган суманд тог тасарлаа. Учрыг лавлавал Хятадын тал эрчим хүчээ тасласан гэнэ. Бусдаас хараат байхын зовлон энэ шүү дээ. Тог цахилгаангүй энэ үед хүн төрвөл яана, хэн нэгэн яаралтай мэс засалд орох бол яах билээ. Ид өвлөөр сургууль цэцэрлэг, айл өрхийн орон сууц хөлдвөл яана. Наад зах нь төрийн үйлчилгээ доголдож түмний амьдрал хэцүүднэ. Өнөөдөр Ховд аймгийн баруун гурван сум БНХАУ-аас импортын эрчим хүч авч хэрэглэж байна. Ингэхдээ дотоодын эрчим хүчний тарифаар долоо дахин өндөр үнээр цахилгаан авдаг.

Хятадаас тогоо авдаг. Улс татаас өгдөг учраас иргэд ААН түүнийг нь сайн мэдэхгүй мэдрэхгүй байх шиг байна л даа. ОХУ-аас баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг авч байгаа. Байгалийн гамшиг, салхи шуурга, элдэв шалтаг шалтгаанаар хойд айл цахилгаан хязгаарлахад өвлийн цагт бол баруун гурван аймаг хөлдөх хэмжээний эрсдэлтэй нөхцөлд тулаад байна. Тийм л учраас хагас зуун жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжих ёстой. Энэ байр суурин дээр би хатуу зогсдог. Олон ч жил энэ төслийг хөдөлгөх гэж зүтгэлээ. Засгийн газар ч бүх хүчээрээ дэмжиж байна. Эрчим хүчний сэргэлт Эрдэнэбүрэнгээс эхэлнэ. Эхлэх эхлэхдээ энэ хавар эхэлнэ. Нутгийн иргэдтэй ойлголцож тохирсон гэж ойлгож байгаа. Цөөнхийн эрх ашгийг хамгаалах нь зөв. Гэхдээ олонхийн, тэр дундаа улс орны нийтлэг эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байх ёсгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


АНУ руу шууд нислэг хийх, тийзийн үнэ 500 доллараар хямдрах боломж нээгдэнэ
2023-02-16 11:42:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0