Ням, 2024-11-24
Ипотекийн зээл долдугаар сараас Засгийн газарт шилжинэ

"Ипотекийн зээлийн хөтөлбөр дундаж давхарга бий болгоход хамгийн чухал нөлөөтэй. Хэдийгээр иргэд 20 жилийн турш зээлд дарагдаж буй мэт харагдавч айл өрх бүрийг өөрийн гэсэн хөрөнгөтэй дундаж давхарга болгоход энэ хөтөлбөр маш чухал үүрэг гүйцэтгэж" буй гэж Монголын ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын хэлсэнтэй хэн ч маргахгүй биз.

Үнэндээ түрээсийн байранд 20 жил амьдрах, ипотекийн зээлийг 20 жил төлөх хоёр эрс ялгаатай. Түрээслэсэн нь өөрийн гэсэн өмчгүй, нөгөө нь өөрийн гэсэн орон сууцтай болно. Асуудлыг олон талаас нь харвал энэ хөтөлбөр өрх бүрийг хүртээмжтэй орон сууцтай болгох зорилготой юм.

УИХ 2020 оны дөрөвдүгээр сард “Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпораци болон арилжааны банкууд хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан. Хуулийн үйлчлэл 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж, 63 мянган зээлдэгч зээлийн эргэн төлөлтөө банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийн дагуу төлж эхлээд буй.

Хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээл хэвийн төлөгдөж эхэлснээр тус хэмжээгээр ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэх боломж бүрдэж байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлсэн.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ. Ипотекийн зээлийг тав дахь удаа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулахад 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Цар тахлын тухай хууль, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанк Засгийн газарт ипотекийн зээлийг 2023 онд багтаан шат дараатай шилжүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, тус зээлийг хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээх бөгөөд энэ чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Төв банк ипотекийн зээлийг ирэх долдугаар сарын 1-ний өдөр гэхэд Засгийн газарт шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буй юм байна.

Энэ талаар А.Энхжин захирал “Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8000 орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон.

Цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оны эхний зургаан сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна” гэж хэлсэн юм.

Монголын ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын тайлбарласнаар, нөөц сангийн нийт багцын нэг хувийг зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэдэд зарцуулдаг байна.

Тэрбээр нөөц сангийн талаар тайлбарлахдаа “Ипотекийн зээлийн хүүг төлөх хугацаа 30 жил буюу урт. Энэ хугацаанд ямар нэгэн шалтгаанаар иргэн зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тухайлбал, эдийн засгийн чадамж буурахад өрхийн орлогод нөлөөлж, зээлээ төлж чадахгүйд хүрэх тохиолдол гарна.

Нөөц сангийн нийт багцын нэг хувийг зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэдэд зарцуулдаг.

Бонд эзэмшигчдэд төлбөрийг нь цаг бүр төлөх үүрэгтэй. Иймд зээлийн хүү орж ирэхгүй тохиолдолд энэ мөнгийг төлөхийн тулд тодорхой эх үүсвэр хэрэгтэй. Энэ нь нөөц сан юм. Нөөц сангаас тусгай зориулалттай компаниас ямар нэгэн зарлага гарахгүй. Хуримтлуулж байгаад шаардлагатай үед зарцуулдаг.

Цар тахал нөөц сангийн үр ашгийг бидэнд маш сайн ойлгууллаа. Covid-19-ийн эрсдэлээс иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар он дуустал ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан. Тухайн үед МИК арилжааны бусад байгууллагатай хамтраад, аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулсан.

Энэ хугацаанд нийт зээл авсан иргэдийн 87 хувь нь зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтэд хамрагдсан. Ингэснээр иргэд зээлийн хүүгээ хоёр жилийн хугацаанд төлөхгүй болсон. Гэвч тусгай зориулалттай компаниудын бондын төлбөрийг бид хугацаа алдалгүй төлөх ёстой. Мөнгө орж ирэхгүйгээс бид бондоо төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед нөөц сангаасаа бонд эзэмшигчдэд өгөх ёстой хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн.

Өнгөрсөн хугацаанд 330 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаасаа гарган, иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй байх төрийн бодлогыг дэмжсэн. Энэ эх үүсвэр Монголбанк зургаан хувийн ипотекийн зээлийг тасралтгүй гаргах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс нөөц сан цаашид ч байх ёстой. Хэрэв нөөц сан байхгүй байсан бол зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргах боломжгүй байсан. Эсвэл Засгийн газар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргах байсан.

Эдийн засгийн хүнд нөхцөлд энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжийг нөөц сан олгосон. 28 тусгай зориулалттай компани тус тусдаа 28 нөөц сантай. Тухайн иргэний зээлийг худалдаж авсан тусгай зориулалттай компани бонд эзэмшигчид төлөх ёстой мөнгийг нөөц сангаасаа гаргасан гэсэн үг” гэсэн юм.

Засгийн газар энэ жилээс орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулж, өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгсөн. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд гурван жилийн хугацаанд гурван хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн.

Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг аваад байна. Тиймээс энэхүү арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар гурван хувийн зээл олгогдож эхлээгүй байгаа гэсэн үг.

Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг орон сууцны найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан зургаан хувь болгох чиглэлээр ажиллаж, санал, дүгнэлтээ хүргүүлжээ. Уг санал, дүгнэлтээр найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг зургаан хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа аж. Энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр өнөөдрийн байдлаар ямар нэг шийдэл олж чадаагүй хэвээр байна.

Ажлын хэсгийнхний урьдчилан тооцоолж байгаагаар, нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж, энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа юм.


Ипотекийн зээл долдугаар сараас Засгийн газарт шилжинэ
2023-02-17 13:12:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0