Бямба, 2024-11-23
Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа

Сайн байцгаана уу!
Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж, ямар нэгэн халдвар аваагүй гэж БНХАУ-ын тал үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.
Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, өөрийн чадах хэрээр нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналтан дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харж байгаа байх.
Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам маш өндөр хэмжээнд, хариуцлагатайгаар зохион байгуулж биднийг шилжүүлэлтийн эцсийн зогсоол болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд авчраад байна.
Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.
Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхавдээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба шаардлагатай үед утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.
Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаарлагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Ухань хотоос хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надтай холбогдож мэдээлэл аваарай.
Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба өчигдөр оюутнууд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)
 
Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Та бүхний сайхан сэтгэл, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна.
Мөн Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын нийт хамт олон та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлье.
Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.
 
А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас.

Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа
2020-02-01 09:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0