Ням, 2024-11-24
ҮАБЗ-өөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шалгаж өгөхийг хүсч байна

Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар экологич Д.Туяа өнөөдөр /2023.05.01/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүдэд хандаж байна. 10 гаруй жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" стратегийн орд газарт төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хэсэгчлэн хувийн компанийнхаа нэр дээр тусгай зөвшөөрөл авсан байсан. Үүнийг тухайн үед Ерөнхий сайд С.Баяр төрдөө авснаар бид "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчид болсон.

Одоогийн нөхцөл байдлыг яривал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж байгаагаар, энэ тусгай зөвшөөрөл дунд Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна.

Цаасан дээр буусан бодит баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна. 35 мянган га талбайд алтны тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь цаанаа Канадын 100% хөрөнгө оруулалттай, Хятадын хөрөнгө оруулалттай том орд газруудыг хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон авсан байна. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ундны ус, малын бэлчээр, тэмээн сүргийн нутгийг хамгаалахын тулд Улаанбаатар хотод ирж хэвлэлийн хурал хийн, хууль хяналтын байгууллагад хандаж байсан.

Экологич миний хувьд тухайн газрыг хоёр жилийн өмнө судлахыг хүсэж байсан. Сая 15 хоног яваад судлаад ирлээ.

Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багийн нутаг дэвсгэр цөлжсөн, өвс ургамалгүй газар ч байна. Ундны усаа 16-90 километрийн зайнаас авдаг тулгамдсан асуудал малчдын өмнө байдаг юм байна. Уул уурхайн компани сүүлийн 3-5 жилийн өмнөөс хайгуул хийснээс шалтгаалан, малчдын ундны усаа авдаг худаг шавхагддаг болсон. Тухайн үедээ "Эрдэнэ монгол" гэдэг компани "Уртын гол" гэдэг багт ирээд хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад гурван жилийн өмнө 60 тонны машинаар ус авахад шавхагддаггүй байсан бол өнөөдөр 2.8 тонн литр ус авахад шавхагддаг болж, малчинд хүнд нөхцөл байдалтай байна.

Ашигт малтмалын газар болон шат, шатны хурлын байгууллага тусгай зөвшөөрлийг судалгаагүй, эмх замбараагүй олгосон нь малчдын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөөд эхэлсэн.

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс давуу байдлаа ашиглан өөрсдийн эзэмшилдээ 5-6 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан нь зохион байгуулалттайгаар стратегийн орд газрыг хэсэгчлэн хувааж авсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаадын зах зээлд хувьцаа болгон арилжаалсан нь манай улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд нөлөөлж буй учир ҮАБЗ-өөс ажлын хэсэг гаргаж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" багийн нутаг дэвсгэрт олгосон 32 тусгай зөвшөөрөлтэй талбайд хяналт шалгалт хийхийг хүсч байна гэлээ.


ҮАБЗ-өөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шалгаж өгөхийг хүсч байна
2023-05-01 13:59:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0