Ням, 2024-11-24
Нийслэлийн нийтийн аж ахуйд 1002 тоног төхөөрөмж хэрэгтэй ч одоо 192 байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын талаар танилцууллаа.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг:
-2022 онд нийслэлийн харьяа 17 байгууллагаас судалгаа авахад Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад 1002 тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай дүн гарсан. Гэтэл өнгөрсөн удаа орсон борооны улмаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд нийслэлийн инженер хангамжийн долоон байгууллагад 13 төрлийн 105, тохижилт үйлчилгээний 16 байгууллагад 12 төрлийн 87, нийт 192 машин механизм байлаа гэв.

Өөрөөр хэлбэл, энэ нь шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм тав дахин цөөн байна гэсэн үг юм. Иймээс тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагын талаар судалгаа хийж, түрээсээр авах боломжийг судалжээ. Улмаар АНУ, ОХУ, БНХАУ, Беларус Улсын компаниудтай хамтран ажиллахаар санал солилцож байгааг танилцуулав. Энэ нь төсөвт ачаалал өгөхгүйгээр асуудлыг шийдэх гарц гэдгийг тодотгож байлаа.

Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Санхүүгийн түрээсийн хуулиас гадна Тендер, Төсвийн тухай хуулийг баримтлах шаардлагатай, нэг хуулиар зохицуулах харилцаа биш. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг судалж үзэхийг хүслээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-УБЗАА-ны үндсэн үйл ажиллагааны 60 орчим хувийг хувийн хэвшил гүйцэтгэдэг болсон. Энэ хүрээнд мөн аж ахуйн нэгжүүддээ тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарсан. Өнгөрсөн удаагийн үер шиг онцгой үед ашиглах тоног төхөөрөмж, машин механизмын бааз шаардлагатай гэлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг түрээсээр шийдвэрлэх саналыг судлан, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Орон сууцны конторуудын үйл ажиллагааг хариуцлагажуулах хэрэгтэй байна

Улаанбаатарын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Улаанбаатарm орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан. 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч, нийтийн зориулалттай 4268 орон сууцны  ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, хувийн 65 компани хариуцдаг. Орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцдаг.

Тус салбарт тулгамдсан асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болжээ.

Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан, насжилт өндөртэй шугам сүлжээ орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна.

Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг хэлж байв.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр:
-Барилгын тоо жил бүр нэмэгдэж байна. Нийт орон сууцны байрын 53 хувийг хувийн орон сууцны контор хариуцдаг. Гэтэл үерийн үед эдгээр нь хүн хүч, техникийн хувьд хангалтгүй байлаа. Газар доорх хот буюу инженерийн барилга байгууламжид онцгой анхаарал хандуулахгүй бол гамшиг үүслээ гэхэд нөхцөл байдал хүндрэх нь. Мөн нийт шугам сүлжээний 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэв.

Зөвлөлийн хурлаас орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх, үйл ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудтай уялдаа холбоог бий болгох, тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Нийслэлийн нийтийн аж ахуйд 1002 тоног төхөөрөмж хэрэгтэй ч одоо 192 байна
2023-07-27 09:52:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0