БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч Ховд аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр дараах асуудлаар санал солилцож, дэмжлэг хүсэв.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг 2023 онд 360 орчим сая төгрөг зарцуулах ба ингэхдээ ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгж, мөн сум бүрт ойн зурвас байгуулахад санхүүгийн дэмжлэг олгов;
- Бүс нутгийн үйлдвэржилтийн хүрээнд Ховд аймагт үйлдвэр технологийн парк байгуулагдахаар төлөвлөж байгаа тул аюултай хог хаягдлын байгууламж барихад дэмжлэг үзүүлэх;
- Зэрлэг амьтан асран хамгаалах байр байгуулах;
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлал II төсөл”-ийн хүрээнд музей байгуулах ажил зогсонги байдалд орсон ба үүнийг үргэлжлүүлэх;
- Хар ус нуурыг Юнескогийн Шим мандлын нөөц газрын Дэлхийн сүлжээнд бүртгүүлэх;
Аялал жуулчлалын чиглэлээр:
- Отоглох цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон Улсын төсөл хөтөлбөрүүдэд уламжлах;
- Аялал жуулчлалын эвент арга хэмжээний тоог нэмэгдүүлэх боломжтой ба 2024 оны аялал жуулчлалын эвентэд оруулах зэрэг асуудлаар мэдээлэл хийв.
Уулзалтад БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Г.Нямдаваа, Сум дундын Ойн ангийн дарга Д.Даваахүү, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа нар оролцлоо.
БОАЖ-ын сайд Ховд аймагт ажиллаж байна |
|