"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийн ажилтнууд өнөөдөр ажил хаялт зарлажээ.
"Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн байна.
Уг асуудлаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 3-ны өдөр хүртэл таван удаа албан бичиг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу наймдугаар сарын 30-ны өглөөний долоон цагаас эхлэн нэг сарын хугацаанд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийг хэсэг, ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялт зарлахаа Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай наймдугаар сарын 23-нд мэдэгдэж байв.
Харин үйлдвэрийн ерөнхий захирал ажил хаялттай холбогдуулан өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Захирал Г.Ёндон "Наймдугаар сард ээлжийн амралттай байх үед ажил хаях талаар ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ баримталж, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна.
Ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.
Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдэг нь үндэслэлгүй.
Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан юм. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.
2023 онд Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж, мэдэгдэл гаргаж байв.
Хамтын гэрээнд уг асуудлыг оруулъя гэх үед нь боломжгүйг тайлбарлаж, хэлж байсан. 2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15%-аар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.
Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийнхэн хүлээж аваагүй.
Бидний тавьсан санал хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн "ҮЭ-ийн ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Цалинг нэг удаа 50%-аар нэмэх нь төсөвт дарамт ирэхээр нөхцөл тооцоо судалгааг холбогдох яаманд танилцуулсан. Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчхээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулсан" гэв.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зарим цехийнхэн өнөөдөр ажил хаялт зарлажээ |
|