БНСУ-ын "Daewoo Bus" компаниас шинээр худалдан авсан ногоон автобусны талаар өнөөдөр /2023.09.29/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Учир нь тус автобуснуудын худалдан авалтыг улсын нууцад оруулсан, мөн шинэ биш хуучин автобуснууд оруулж ирсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар,"Бидний зүгээс Daewoo Bus компанийн үйлдвэрээс нийлүүлсэн автобус шинэ үү, хуучин уу гэх асуудлаар мэргэжлийн хүмүүс хяналт хийлгэхээр болсон. Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүдийн ципр нь латин үсгээр тодорхойлогдсон байна. Арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн давтамжтай ашиглагддаг. 1992 онд ашиглагдсан бол 2022 онд дахин ашиглагддаг гэсэн үг" гэсэн юм. Харин НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам, "Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. Иймд худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-д хамааруулах нь зүйтэй гэж Тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн энэ дагуу Нийслэлийн засаг дарга Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авалт хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй" гэж мэдэгдлээ.
Ж.Бямбадулам: Үндэсний аюулгүй байдалд хамруулж автобуснуудыг худалдаж авсан. Улсын нууцад хамааруулсан зүйл байхгүй |
|