Ням, 2024-11-24
"Эцэг, эх болохын өмнө өөрсдийгөө бэлдээч ээ" гэв

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүүхэд хамгааллын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирлага, мэргэжилтнүүд : "Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гэж 2 том хуулийг 2017 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ чиглэлээр хууль эрхзүйн орчин бол бүрдсэн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн байгууллагууд зохих үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсанд хүүхдийн байгууллагын зүгээс гүнээ харамсаж байна.
Бидний зүгээс нөлөөллийн олон ажил зохион байгуулж, бүхий л чадлаараа ажиллаж байгаа хэдий ч эцэг эхийн хариуцлагагүй байдлаас гэрийнхээ орчинд аюултай байдалд орж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай.
Томчуудаа, эцэг эхчүүдээ бид хуулиар хүлээсэн үүргээсээ гадна хүнийхээ хувьд эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлэх нь тулгамдаад байгаа маш чухал асуудал юм гэдгийг зарлаж байна. Хүүхдийн тусламжийн дуудлагын төвд өдөрт 400-500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын 70 орчим хувийг эцэг эхчүүдийн үл хайхрах байдалтай холбоотой дуудлагууд эзэлж байна. Үүнийг анхаарахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэдийгээр хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд байгаа боловч эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг нэгдүгээрт авч үзэхгүй бол бид нөхцөл байдлын үнэлгээ хийгээд, эцэг эх та үүрэг хариуцлагаа алдсан байна, үүнээс болоод таны хүүхэд нүцгэн байна, амь нас нь эрсдэх аюултай, хоол ундгүй байна гэхэд ахиж ингэхгүй гэж хэлдэг боловч 3 хоногийн дараа нөгөө нөхцөл байдал ахиад давтагддаг. Тийм учраас нэгэнт гэр бүл болсон бол, ээж аав болохдоо үүргээ бэлдээч ээ.
Хүүхдийнхээ нас,сэтгэцийн онцлогыг мэддэг байгаач. Эцэг эхийн дэмжлэг ямар насанд ямар байдлаар хэрэгтэй байдаг вэ? гэдгийг мэдэж аваач ээ.
Үүн дээр нэг сайшаалтай зүйлийг хэлэхэд айл хөршийн анхаарал сайжирсан байна. Хажуу хашаа, дээд доод айлд хүүхэд уйлж байна, хурдан ирж тусламж үзүүлээрэй гэдэг дуудлага 108 дугаарт ирж байгаа дуудлагын 50 орчим хувийг эзэлж байна. Олон нийт энэ асуудал дээр хариуцлагаа ухамсарлаж, мэдээлдэг болсон байна. " гэлээ.
 

"Эцэг, эх болохын өмнө өөрсдийгөө бэлдээч ээ" гэв
2023-10-04 10:40:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0