Дорноговь аймгийн Сайншанд сумаас аравдугаар сарын 03-ны өдөр 12 настай охин сургуульдаа явах гэж гараад сураггүй алга болсон. Охиныг гурав дахь өдрөө хайж байна. Өнөөдөр хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Гэмт хэргийн явц, мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгдөг учраас мэдээлэл өгөх боломжгүй. Харин эрэн хайх ажиллагаа бол явагдаж байна. Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сум хүртэл эрэн хайж, хоёр аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг агаараас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
Түүнчлэн газраар автомашинтай иргэд алба хаагчид зэргэлдээ сум, аймгийн төвүүдээр эрлийг зохион байгуулж байна. Мөн сэтгүүлчид хүүхдийн асуудалтай холбоотой баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллийг битгий цацаарай. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг. Магадгүй, зарим гэрчүүд олдохгүй байх, хамтран гүйцэтгэгч байвал оргон зайлах гэх мэт сөрөг үр дагавартай” гэлээ.
Н.Мишигдорж дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай хэв журмын алба хаагч сэтгэл хөдлөлөөрөө хуурамч мэдээлэл тараасан. Энэ дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагын дотоод хяналт аюулгүй байдлын албанаас шалгалт явж байна. Тухайн алба хаагч гэмт буруутай эсэхийг тогтоогоод арга хэмжээ авна.
-Сэтгүүлчдийг буруутгахаасаа илүүтэй алба хаагчид өөрсдөө нууцыыг хадгалж байгаа гэдэгт баталгаа байна уу?
-Хуулиараа заасан. Мөрдөх ажиллагаанд орж байгаа алба хаагчдаас нууцын баталгаа авдаг. Энэ хүрээнд дотоод хяналтаа зохион байгуулж ажилладаг.
-Та нар энд болоогүй гээд сууж байхад бүх мэдээлэл гараад ирдэг шүү дээ?
-Энэ мэдээллийг та нар батлагдаагүй тохиолдолд битгий түгээгээч. Манай дотоод байдал аюулгүй байдлын газраас энэ асуудлаар хяналт хийж шалгаж байна.
-Охиныг хулгайлж авч яваад баригдахаараа өөрийгөө хутгалсан сэжигтний бичлэг гээд явж байна. Энэ яг тэр хүн мөн юмуу?
-Албаны шалгалт явагдаж байна. Прокуророос зөвшөөрөл авч хэлдэг. Ерөөсөө та нар мэдээлэл авахдаа хуульд зааснаар прокуророос зөвшөөрөл авна. Мөн мэдээлэх боломжтой хэмжээнд л мэдээлэл өгнө.
-Өмнөх хэргүүд дээр ч гэсэн танай мэдээлэл ингэж түрүүлж хэн нэгнээр дамжиж гарч байсан. Энэ талаар ямар арга хэмжээ авсан бэ?
-Хэрэг бүртгэлт хийгээд шалгагдаж байгаа. Албаны шалгалт явагдаж байна.
Н.Мишигдорж: Дорноговиос Өмнөговь хүртэл агаараар, зэргэлдээ газруудаар машинаар хайж байна |
|