УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, хорих ангид эрх нь зөрчигдсөн эсэх болон бусад нөхцөл байдалтай танилцаад иржээ. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Д.Мөнх-Эрдэнэ “Би энэ хорих ангиас амьд гарахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Мөн гэр бүлийн хүн нь ч энэ талаар мэдээлсэн. Б.Мөнх-Эрдэнийг авлига авсан гэж Хууль зүйн сайд хэлсэн. Авлигын асуудал энэ хүнд байхгүй. Авлига авсан, өгсөн хүмүүст нь торгуулийн ял оноосон. Б.Мөнх-Эрдэнэ дамжуулсан гэдгээр буруутгагдсан. Б.Мөнх-Эрдэнэд хүн нь байвал хэрэг нь олдоно гэх хуучин коммунист дэглэмийн үеийн үзэл бодлоор хандаж байна гэж харж байна. Эрх баригчид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг ард түмний дуу хоолой болсон хүмүүсийн эрх чөлөөнд халдаж байна. Б.Мөнх-Эрдэнэ сэтгэл санааны цочролд орсон байдалтай байна. Намайг очихын өмнөх өдөр эмнэлэгт хэвтсэн байсан" гэв. Шүүхээс иргэн Д.Мөнх Эрдэнийг Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хорих ял шийтгэсэн. Тэрбээр Сэлэнгэ аймаг дахь хорих 413-р ангид ял эдэлж буй юм.
Д.Мөнх-Эрдэнэ: Би хорих ангиас амьд гарахгүй юм шиг байна |
|