Баасан, 2024-12-27
АНГИАРАА ХАР ТАМХИ ТАТАЖ МАНСУУРСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хэрээс хэтэрчээ. Эцэг, эхийн хараа хяналтаас хэдийнэ гарч, цагдаа нар хар тамхи хэрэглэж мансуурч байгаа охид, хөвгүүдийн нарийвчилсан судалгааг дүүрэг, хороо болгон дээр гаргасан гэнэ. Сурагчид найзуудаараа нийлж сургуулийнхаа ойр хавийн орон сууцны орц, хонгилд, дээвэр дээр гарч мансууруулах төрлийн бодис хэрэглэх болсон байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь манай орны ихэнх нутгаар ургадаг зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурдаг болжээ. Харин 20 орчим хувь нь ахуйн хэрэглээний газ, цавуу, гутлын тос, шатахуун зэргийг үнэрлэж мансуурч байгаа гэнэ. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь ICE буюу мөс хэрэглэж байгаа баян айлын хүүхдүүд аж. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэж мансуурдаг бүлэглэл бараг ерөнхий боловсролын сургууль бүрт байдаг болсон гэнэ. Тэд бие биенийгээ хар тамхинд уруу татаж байнгын хэрэглэгч болгодог байна. Бидэнд Сүхбаатар дүүргийн VII, VIII хорооны нутаг дэвсгэр угсармал есөн давхар байшингийн орцонд сурагчид мансуурдаг гэх мэдээлэл ирсэн юм. Энэ талаар сурвалжлахаар XI хороололд очлоо. Байрны жижүүрүүдтэй уулзаж өсвөр насны хүүхдүүдийн мансуурлын талаар асууж тодруулав. Тэд “Манай энэ хавийн сургуулийн сурагчид орцонд зогсох их сонирхолтой байдаг. Байнга л орцноос орц руу хөөгдөж явдаг. Ихэвчлэн есөн давхарт гарчихдаг. Хоолой гашуун оргиулсан зүйл татсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан. Манай энэ хавиар нэг прокурор эмэгтэй охиноо хайгаад байнга явдаг. Охин нь ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлээд байнга зэрлэг өвс татаж мансуурдаг гэсэн” хэмээн ярьж байв.

Мөн Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Дээрх газруудын угсармал байрны оршин суугчид гэрээсээ орж гарахдаа ихэвчлэн цахилгаан шат ашигладаг. Харин шат нь цахилгаан шатны хажууд хаалгаар гардаг. Өөрөөр хэлбэл, тусгаарласан байдалтай байдаг. Мөн гэрэл байхгүй, байнга харанхуй байдаг гэнэ. Үүнийг сурагчид ашиглаж, ангиараа мансуурдаг байна.

Ахуйн хий (газ) үнэрлэн мансуурч байсан хүүхдүүдийн нэг нь нас барсан харамсалтай хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарч байсан. Мөн өвс татаж байгаад мансуурсан ерөнхий боловсролын сургуулийн арав гаруй сурагч цагдаа нарт баригдсан билээ. Мөн Хан-Уул дүүрэгт ч мансуурсан хүүхдүүд баригдаж байсан. Энэ мэт ахуйн хэрэглээний газ, хар тамхины төрлийн ургамал, бодис хэрэглэж мансуурах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бидний үр хойч ирээдүй болсон хүүхдүүдийг цагаан тахал хэмээн нэрлэгддэг хар тамхины бараан сүүдэр хэдийнэ нөмрөн авчээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас авсан мэдээллээр ерөнхий боловсролын сургуулийн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа сурагчдыг гурав хувааж байгаа. Ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурдаг 8-15 насныхан, зэрлэг олсны ургамал татаж байгаа 12-18 насныхан, мөн зах зээлд өндөр үнээр зарагддаг мөс буюу үйлчилгээ өндөртэй хар тамхи хэрэглэж байгаа хүүхдүүд хэмээн ангилж, шалгадаг гэнэ. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтэст сүүлийн гурван жилийн байдлаар иргэд, байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй 199 гомдол, мэдээлэл ирүүлсэн байдаг аж. Тодруулбал, 2015 онд 78, 2016 онд 94, энэ оны нэгдүгээр улиралд 27 гомдол, мэдээлэл хүлээн ирүүлсэн байна.

ҮХЭЛ ДАГУУЛСАН МАНСУУРАЛ БУЮУ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗ

Ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд газ үнэрлэж байгаад 12 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн X хороонд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарсан. Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж, нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан билээ. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтэж байсан. Чингэлтэй дүүргийн X хороонд оршин суух 15 настай Д гэх хүү газ үнэрлэж байгаад хордон, нас барсан юм. Хүүгийн ойр хавийн оршин суугчид түүнийг газ үнэрлэх дуртай байсныг гэрчилж байв. Тэрээр, хамгийн сүүлд “wax” гэсэн бичигтэй газыг их хэмжээгээр хэрэглэсэн нь түүнийг үхэлд хүргэсэн. Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрны подвальд 13-14 насны таван хүүхэд 250 граммын савтай ягаан өнгийн мансууруулах төрлийн бодис үнэртэж байгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан. Налайх дүүргийн II хорооны 52 дугаар байрны нэгдүгээр давхарт 15 настай О нарын дөрвөн эрэгтэй хүүхэд 0.5 литрийн савлагаатай ахуйн хэрэглээний хийг үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. Тэд газ, цавуу, бусад химийн бодис үнэрлэж мансуурсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд газ үнэрлэж, мансуурч байгаад баригдсан хэрэг гарсан. Тэд 62 дугаар дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан юм. Баянгол дүүрэг, III, IV хорооллын эцэст байрладаг “Хангай” зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртөн, түлэгдэж ГССҮТ-д хүргэгдсэн билээ. Энэ мэт ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад амь насаа алдсан, цагдаа нарт баригдсан, СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлдэг хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Ахуйн хэрэглээний газыг ихэвчлэн өсвөр насны хөвгүүд үнэрлэж мансуурдаг байна. Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг аж. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг хор нөлөөтэй. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдож, үхэлд хүргэдэг аюултай гэдгийг хүүхдүүд огт мэдэхгүй байгаа юм.

МАНСУУРСАН ХҮҮХДҮҮД ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН НОЦТОЙ ХЭРЭГ

Олны анхаарлыг татаж, нийгэмд томоохон цочроо өгсөн хэрэг бол мансуурагч хүүхдүүд 20 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэрэг гарч нийгмийг айдаст автуулж байсан. 16 настай У, Г нар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай бүсгүйг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхээс 16 жилийн ял сонссон юм. Хүүхдүүд цавуу үнэрлэж мансуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахайн сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс 16 жилийн хорих ял ногдуулсан юм. Энэ мэт хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад гэмт хэрэг үйлдсэн, нэгнийгээ зодож хүнд гэмтэл учруулсан 26 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

АНГУУЧДЫН ЗОЛИОС БУЮУ КАННАБИС ТАТАЖ МАНСУУРАХ АХЛАХ АНГИЙНХАН

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид дунд олсны төрлийн каннабис гэх мансууруулах төрлийн ургамал худалдаалдаг, худалдан авч, татаж мансуурдаг сүлжээ бүхий гэмт хэрэг ид “давалгаалж” эхэлжээ. Бүр нэг ангийн хүүхдүүд тэр чигтээ мансууруулах төрлийн өвс татаж, мансуурсан тохиолдол гарсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Мансууруулах төрлийн ургамал түүж, бэлтгэдэг, түүнийг нь борлуулдаг сүлжээ бүхий гэмт хэрэгтнүүд бий болсон. Тэд сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ангуучлах болжээ. Ангуучид эхлээд нэг сурагчид хар тамхи үнэ төлбөргүй өгч татуулдаг. Ингээд байнгын хэрэглэгч болгосныхоо дараа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж хар тамхи хэрэглүүлэх арга зам зааж өгдөг. Эхэлж уруу татагдсан нэг нь “Хар тамхи хэрэглэж үзсэн. Үнэхээр гоё юм байна лээ” гэж бусдадаа ярьдаг. Бусад нь сонирхож, хар тамхи сүлжээ гэмт хэрэгтнүүдээс хямд үнээр худалдаж авч татдаг гэнэ. Ингээд байнгын хэрэглэгчтэй болдог аж. Үүнийхээ дараа үеийнх нь охидод хар тамхи татах далд сурталчилгаа хийдэг” болсон байна гэсэн юм. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр ангуучид хар тамхи, мансууруулах төрлийн үйлчилгээтэй эм бэлдмэлийг хүүхэд залууст эхлээд ус, ундаанд хийж өгдөг байна. Үүний дараа хар тамхинд оруулдаг гэнэ. Энэ мэт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хар тамхинд уруу татдаг бүлэглэлийг цагдаа нар шалгаж эхэлсэн гэнэ. Ангуучдаас гаралтай хар тамхины хэрэглээ ингэж л ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан дунд “давалгаалж” эхэлжээ.

НЭГ АНГИ, БҮР СУРГУУЛИЙН ХЭД ХЭДЭН АНГИЙН СУРАГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИДЭНД ИРСЭН

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм.


-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан байна лээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд хар тамхи хэрэглэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Бид 1999 онд анх хар тамхи хэрэглэж мансуурч байгаа хүүхдүүдийн судалгаа гаргаж байлаа. Тэр үед 45 хүүхэд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байна гэх тоо гарч байсан. Тэгвэл 2001 онд таван байгууллага хамтарч дахин судалгаа хийж байлаа. Хоёр жилийн хугацаанд нийт 52 хүүхэд хар тамхи хэрэглэж байгааг тогтоож байсан. Гэтэл 2016 онд дээрх тоо хэд дахин нэмэгдээд байна. Зөвхөн манай нийгэмлэгээр гэхэд өдөрт 2-5 хүүхэд эцэг, эхийн хамт ирж байна. Бүгд хар тамхи хэрэглэж байнга мансуурдаг болсон хүүхдүүд. Ирж байгаа хүүхдүүдийн хувьд мансууруулах үйлчилгээтэй ургамлаас гадна өндөр үнээр борлогддог хар тамхи татаж үзсэн байдаг.

-Танай нийгэмлэгт хандсан гурван ч хүүхэд ангиараа хар тамхи татаж үзсэн гэх ноцтой мэдээлэл өгсөн гэсэн үү?

-Тийм ээ. Нэг хүүхэд бидэнд хандсан. Бид хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг нь хийж, хэнтэй хаана хар тамхи хэрэглээд байгаа талаар ярилцдаг. Гэтэл тэр хүүхэд “Манай ангийн бүх хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн. Манай найзууд бүгд мансуурдаг” гэж ярьсан. Гэтэл дахиад өөр сургуулийн ахлах ангийн сурагч “Манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ хавтгайрсан. Байнга хар тамхи хэрэглэж байна” гэж ярьсан. Энэ бүгдийг нэртэй, сургуультай нь гаргах гэхээр бөөн асуудал гарч байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд мансууруулах төрлийн бодис хэрэглэх асуудал ямар түвшинд хүрчихсэн байгааг эндээс шууд харж болохоор байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай байна. Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон гэв.

ӨНГӨРСӨН ОНД ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 115 ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийг сүүлийн гурван жилээр авч үзэхэд 2015 онд 79 хэрэг 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэг 250 гэмт үйлдэлд 224 хүн, 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30 хэрэгт 75 хүн холбогдуулан шалгасан байна. 2016 онд шинээр нийт 378 үйлдэлтэй 313 хүнд холбогдох 139 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 235 үйлдэлтэй 200 хүнд холбогдох 81 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар 25 үйлдэлтэй 19 хүнд холбогдох 13 хэргийг прокурорт шилжүүлэн, 41 үйлдэлтэй 41 хүнд холбогдох 21 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 291 хүнд холбогдох 254 үйлдэлтэй 115 хэргийг шийдвэрлэжээ. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 138 хүнд холбогдох 74 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс торгох ялаар гурав, баривчлах ялаар 34, нэг жил хорих ялаар 42, 1-3 хүртэл жил хорих ялаар 33, 3-5 жил хүртэл хорих ялаар нэг, 5-8 жил хүртэл хорих ялаар гурав, 10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн нь өмнөх онтой харьцуулбал 32 хэргээр буюу 76.1 хувиар, ял шийтгүүлэгдчийн тоо 62 хүнээр буюу 81.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

2017 оны эхний гурван сарын байдлаар шинээр 61 үйлдэлтэй 50 хүнд холбогдох 25 хэрэг, урьд оны үлдэгдэл 46 үйлдэлтэй 38 хүнд холбогдох 17 хэрэг гэх мэт нийт 164 үйлдэлтэй 133 хүнд холбогдох 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 60 үйлдэлтэй 51 хүнд холбогдох 22 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар долоон үйлдэлтэй долоон хүнд холбогдох гурван хэргийг прокурорт шилжүүлж, 16 үйлдэлтэй 14 хүнд холбогдох долоон хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 79 үйлдэлтэй 68 хүнд холбогдох 32 хэргийг шийдвэрлэсэн байна. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 21 хүнд холбогдох 10 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс баривчлах ялаар хоёр, нэг жил хорих ялаар ес, 1-3 хүртэл жил хорих ялаар хоёр, 3-5 жил хүртэл хорих ялаар хоёр, 5-8 жил хүртэл хорих ялаар тав, 10-15 жил хүртэл хорих ялаар нэг хүнийг шийтгэжээ.

70 гаруй мянган залуус хар тамхи хэрэглэж байна гэх судалгааг Цагдаа, төрийн бус байгууллага, Мансуурлын эсрэг үндэсний төвөөс гаргасан байдаг. Монголын олон мянган залуус хар тамхинд мансуурч, үхэл рүү “тэмүүлэх” болсон нь урлаг соёлын одууд хар тамхи хэрэглэх болсонтой нэг талаар холбоотой. Хар тамхи хэрэглэж байгаа дуучдыг нийгэм даяар үзэн ядаж, хэн ч биш болгохын оронд үндэсний баатар мэт өргөмжилдөг байдал манайд бий. Жишээ нь, зарим дууучин бараг ийм үйлдлээрээ олонд танил болж байх жишээтэй. Мөн хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг дуучид ял завшаад өнгөрсөн тохиолдол хэд хэд бий. Үүнээс үүдэн хүүхэд залуучуудын дунд хар тамхи хэрэглэх гоё юм байна. Хэрэглээд баригдлаа гэхэд тэр дуучин шиг ялгүй өнгөрөх юм байна. Хар тамхи хэрэглэсэн ч гэсэн дуугаа дуулаад, тоглолт хийгээд, телевизийн нэвтрүүлэгт ороод яваад байж болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг байхыг үгүйсгэх аргагүй.

Хар тамхи байнга хэрэглэж байгаа хүнд амьдрал гэж байхгүй. Зөвхөн үхэл хүлээж байдаг гэдгийг хэн ч ярихгүй байсаар өдий хүрч байгаа билээ. Төр засаг хар тамхи хэрэглэж, мансуурдаг, худалдан борлуулж, залуусыг уруу татаж байгаа дуучдад хатуу хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл, сэргээш хэрэглэсэн тамирчинг хэдэн жилээр тэмцээн уралдаанд орохыг нь хориглодог шиг жинхэнэ мансуурагч, хар тамхинд донтогчдыг хатуу чанга шийтгэдэг болох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, бусдыг уруу татсан дуучид, урлагийнхныг дахин тайзан дээр гаргахгүй, олон нийтэд зориулсан уран бүтээл хийх эрхийг нь хэдэн жилээр хасдаг болох хэрэгтэй. Мөн хар тамхи хэрэглээд баригдаж байсан урлаг соёлын төлөөллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярилцлага авч сурталчлахгүй байх хэрэгтэй. Хэрэв тэднийг оруулбал тухайн телевизийг торгож, хар тамхи мансууруулах бодисны хэрэглээний эсрэг үйл ажиллагаанд торгуулийн мөнгийг нь зарцуулдаг болмоор байгаа юм. Ийм аргаар залуус, олон нийтэд тэднийг хар тамхи хэрэглээд хэн ч биш болж байгааг харуулах төрийн хатуу бодлого манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй байна.


АНГИАРАА ХАР ТАМХИ ТАТАЖ МАНСУУРСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
2016-05-19 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ