Ням, 2024-11-24
Нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгаж, зөвлөмж гаргана

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байрлах нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.

Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 705 байр байдгаас 665 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөх, аливаа зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээг авах зорилгоор хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байна. Судалгаанаас үзэхэд нэг байранд дунджаар 10-50 хүн амьдарч байгаа. Эдгээр иргэний бүртгэл, хүүхэд хамгаалал алдагдаж, таатай орчин нөхцөлд амьдрах эрх зөрчигдөж байна. Иймд дүүрэг бүрээс байгуулсан дэд Ажлын хэсгүүд хяналт шалгалтын дүгнэлтээ арваннэгдүгээр сарын 20-н гэхэд ирүүлж, уг дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар:

-Нийтийн байртай холбоотойгоор цагдаагийн байгууллагад ирж буй нийт гомдол саналын 80-90 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг байдаг. Мөн тэнд амьдарч буй иргэдийн бүртгэл дутмагаас болж гомдол мэдээллийг шийдвэрлэхэд бэрхшээл гарч байна. Тиймээс нийтийн байрыг камержуулах, иргэдийн шилжих хөдөлгөөн, орж гарч байгаа бүртгэлийг заавал хийж байх шаардлага тавьдаг.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Ж.Алтанхуяг:

-Нийтийн байрнуудаас гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй, уурын зуухын галлагааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрч байна. Тиймээс аж ахуйн нэгж болон иргэд галын аюулаас урьдчилан сэргийлж, холбогдох дүрэм, журмыг мөрдөх шаардлагатай байна хэмээлээ.


Нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгаж, зөвлөмж гаргана
2023-10-27 17:52:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0