Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлөв. Үүнд:
1.Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн;
2.Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан;
3.Он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлөв.
Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна.
Монголбанк нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой юм.
Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв |
|