Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт коронавирусийн эсрэг авах долоон арга хэмжээний талаар танилцуулсан. Ингэхдээ аж, ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл чөлөөлж, орлогын албан татвар авахгүй байх шийдвэр гаргасан. Мөн өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш үйл ажиллагаа нь доголдож, орлого нь тасарсан хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалах зорилгоор ажилтнуудад нь сар бүр 200 мянган төгрөг олгохоо мэдэгдсэн. Энэ бүх арга хэмжээнд нийт 5.1 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Үүнтэй холбоотой иргэдийн дунд зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үү гэх эргэлзээ үүсжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Засгийн газрын шийдвэрээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгаа. Ингэхдээ ажилтныг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, бичилт хийх арга хэмжээ авна. Ажилтан тэтгэвэрт гарахад зургаан сар нь шимтгэл төлөөгүй тасарснаар ажилтны нийгмийн хамгааллыг дордуулж болохгүй. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх үүднээс зургаан сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ” хэмээв.
Үндэсний шуудан
С.Чинзориг: Зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, бичилт хийнэ |
|